Дулааны улиралд гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, иргэдийн амар тайван байдлыг сахин хамгаалахад авто эргүүлээс гадна морьт, нохойт, дугуйт, завьт эргүүл ашигладаг. Энэ зуны хувьд Нийслэлийн цагдаагийн газрын “Эргүүл” дэд хөтөлбөрийн хүрээнд нийслэл хотод 8 морьт, 9 нохойт, 12 дугуйт, 2 завьт эргүүл ажиллаж байна.
Автомашинаар хүрч очиход хүндрэлтэй, Туул голын ай сав зэрэг газруудад нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүргийг морьт эргүүл гүйцэтгэдэг.
Харин нохойт эргүүл томоохон зах, худалдааны төв, соёл амралтын хүрээлэн зэрэг иргэд олноор цуглардаг газар хэв журмыг сахиулдаг бол дугуйт эргүүл замын түгжрэлд цаг алдалгүй иргэдэд түргэн, шуурхай үйлчлэх үүрэгтэй.
Түүнчлэн Нийслэлийн Онцгой байдлын газартай хамтран Туулын голын эрэг дагуу, Тэрэлжийн гүүр – Гачуурт, Гачуурт – Био гэсэн хоёр чиглэлд завьт эргүүл ажиллаж байгаа юм. Завьт эргүүлийг шаардлагатай үед тусламж үзүүлэх том оврын УАЗ 469 машин дагалдан явдаг бөгөөд одоогоор 48 хүнийг уснаас аварч, олон хүнийг усанд осолдохоос урьдчилан сэргийлсэн байна.
Нийслэл хотын иргэдийн аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журмыг сахиулах зорилгоор Нийслэлийн цагдаагийн газар 2016 оноос хойш “Эргүүл” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм.