Монгол Улс 2026 оныг Залуу офицеруудын хөгжлийн жил болгон зарлалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оныг төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагад алба хааж буй залуу офицеруудын хөгжлийн жил болгон зарлалаа. Энэхүү арга хэмжээний нээлт офицеруудын ордонд болж, Батлан хамгаалах салбар, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлага, залуу офицеруудын төлөөлөл оролцов.
“Залуу офицеруудын хөгжлийн жил” хүрээнд залуу офицеруудын боловсрол, мэргэжлийн ур чадвар, гадаад хэлний мэдлэг, бүтээлч сэтгэлгээ, эерэг хандлага, хариуцлага, үнэт зүйл, ёс зүйгээрээ манлайлагч болохыг дэмжих өргөн хүрээтэй ажил, арга хэмжээг тусгай төлөвлөгөөний дагуу шат дараатай хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Түүнчлэн төрийн албаны мерит зарчмаар өсөж дэвших боломжийг бүрдүүлэх олон төрлийн арга хэмжээ зохион байгуулагдана.
Өнгөрөгч 2023 онд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагууд “Залуу офицерын жил”, 2024 онд “Ахлагчийн жил”, 2025 онд “Ахлах офицерын жил” болгон зарлаж, цэргийн алба хаагчдын ажиллах орчин нөхцөл, нийгмийн хамгаалал, тулгамдаж буй асуудлыг бодлогын түвшинд шийдвэрлэж ажилласан юм. Харин 2026 оны “Залуу офицеруудын хөгжлийн жил” нь залуу боловсон хүчний ирээдүйд анхаарч, өсөж дэвших хүсэл эрмэлзэлтэй, оюунлаг, бүтээлч, эерэг хандлагатай, шинийг санаачлагч алба хаагч болгон төлөвшүүлэхэд чиглэгдэж байгаараа онцлогтой.
