Дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засгатай хоёр гүрний хооронд болж буй худалдааны дайн улам даамжирч байна. Учир нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп одоогоор импортын татваргүй байгаа Хятадын 300 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд ирэх есдүгээр сарын 1-нээс эхлэн 10 хувийн татвар оноохоор төлөвлөж байгаагаа зарлажээ.
Тэрбээр өөрийн мэдэгдлийг Хятад улс нь Америкаас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн авахаа нэмэгдүүлэх амлалтандаа хүрэхгүй байгаан зэрэгцээ өвчин намдаах зориулалттай фентанил эмийн нийлүүлэлтээ зогсоох шийдвэр гаргах гэж байгаа учир ийнхүү хариу барьж байна хэмээн тайлбарлажээ.
Трампын уг мэдэгдлийн дараагаар АНУ-ын хөрөнгийн биржийн гол индексүүд огцом унаж эхэлсэн байна.
Мөн дээрх 10 хувийн татвар нь Хятадын тал яриа хэлэлцээнд хэр нааштай байх эсэхээс шалтгаалж 25 хувь ч болж өсөх магадлалтайг сануулсан байна. Хятадын бараа бүтээгдэхүүнд ингэж их татвар ногдуулах нь эргээд АНУ-д илүү сөрөг нөлөөтэй бөгөөд Америкийн эдийн засагт хүнд цохилт болно гэдгийг шат шатны мэргэжлийн байгууллагууд сэрэмжлүүлж байгаа аж.
Хоёр улсын засгийн газрын төлөөлөгчид Шанхай хотноо хоёр өдрийн турш ээлжит яриа хэлэлцээгээ хийсэн ч тодорхой үр дүн багатай өндөрлөсөн нь Трампын дургүйцлийг хүргэсэн бололтой. Гэсэн ч хоёр талын төлөөлөгчид энэ удаагийн яриа хэлэлцээг амжилттай болсон, ирэх есдүгээр сард үргэлжлүүлж уулзахаар болсон гэж мэдэгдээд байгаа юм.
Эх сурвалж:BBC