Монгол хуримын бөгжний хэлбэр, утга агуулга

Монгол хуримын бөгж нь бусад орны хуримын бөгжнөөс хэлбэр дүрс болон утга агуулгаараа ялгаатай байдаг.
Эрэгтэй хүний бөгжийг “хаан бугуйвч”, эмэгтэй хүний бөгжийг “хатан сүйх” гэж нэрлэдэг бөгөөд эдгээр нь монгол хээний дүрсээс үүдэлтэй юм.
Хаан бугуйвч нь хоёр зөрж барилдсан дугуй хэлбэртэй бөгөөд энэ нь монгол гэрийн тоононы хэлбэрийг илэрхийлдэг. Тооно нь гэрийн дээд хэсэг бөгөөд гал голомтыг бадраах үүрэгтэй тул нөхөр хүнийг бэлгэддэг.
Хатан сүйх нь ташуу хоёр дөрвөлжин зөрж барилдсан хэлбэртэй бөгөөд тоонот гэрийн багана тулгуурын дүрсийг илэрхийлдэг. Энэ нь эхнэр хүнийг бэлгэдэж, гэр бүлийн түшиг тулгуур болохыг илэрхийлнэ.
Бөгжний дотор талд хоёр нүд байдаг нь “чи” ба “би”-г илэрхийлж, гадна талын гурван нүд нь аав, ээж, ах, дүү, хамаатан садангуудтай үргэлж холбоотой байхыг бэлгэддэг.
Мөн дөрвөн зүг найман зовхистой зовлон жаргалыг хамтдаа туулна гэсэн билэг тэмдэгтэй.
“Хаан бугуйвч” гэдэг нь гэрийн чимэг болж явах утгатай, “хатан сүйх” нь эр хүний цоморлог болж явах утгатай гэж Я.Цэвэл монгол хэлний тайлбарт тэмдэглэсэн байдаг.
Хуримын бөгжийг эрэгтэй хүн баруун гартаа, эмэгтэй хүн зүүн гартаа зүүдэг бөгөөд энэ нь эрэгтэйн хувьд “чиний эрхэм хүндлэлд”, эмэгтэйн хувьд “чиний зүрхэнд” гэсэн утгатай юм.
Монгол хуримын бөгж нь өрх гэрийн бат бэх холбоо, түшиг тулгуур, амьдралын хатуу зөөлнийг хамтдаа даван туулж, аав ээж, ахан дүү, садан төрөлдөө аз жаргал, сайн сайхныг бэлэглэх онцлогтой билээ.
