С.Бямбацогтыг МАН УИХ-ын даргад нэр дэвшүүллээ

2026-04-02 12:001min
20260402-120027-file.jpeg
Монгол Ардын намын Удирдах зөвлөл УИХ-ын даргад С.Бямбацогтыг нэр дэвшүүлэхээр шийдвэрлэлээ. Тус асуудлыг УИХ дахь МАН-ын бүлэг, Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-ын чуулган эцэслэн шийдвэрлэх юм.

Монгол Ардын намын Удирдах зөвлөл Төрийн ордонд хуралдаж, шинэ УИХ-ын даргын нэр дэвшигчийг тодрууллаа. Хуралдааны шийдвэрээр УИХ-ын гишүүн С.Бямбацогтыг УИХ-ын даргад нэр дэвшүүлэхээр тогтсон байна. Үүний дараа УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-ын чуулганаар эцэслэн шийдвэрлэх юм.

С.Бямбацогтын ажилласан албан тушаалын товч танилцуулга:

1998-2000 онд “Ховдын өргөө” ХХКомпаний ерөнхий захирал, 2000-2006 онд “Нью Прогресс” ХХКомпаний захирал, 2006-2008 онд “Нью Прогресс” группын Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, 2008 онд тус группын Ерөнхийлөгчөөр ажиллаж байжээ.

УИХ-ын гишүүнээр 2008 оноос тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд 2013-2016 онд МАН-ын бүлгийн дарга, 2016-2017 онд Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажилласан байна.

Түүнчлэн 2018-2019 онд Ёс зүйн дэд хорооны дарга, 2019-2020 онд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, 2020-2022 онд Хууль зүйн байнгын хорооны дарга, 2022-2024 онд Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллажээ.

2024 оноос УИХ-ын гишүүн, 2024-2025 онд Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайдаар ажилласан бөгөөд 2025 оноос Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайдаар ажиллах юм.