Туул усан цогцолбор төсөл Улаанбаатар хотын усны хэрэглээг хангах дэд бүтэц болно

Улаанбаатар хотын усны хэрэглээ жилээс жилд өсөж буйтай холбогдуулан гадаргын усанд тулгуурласан шинэ эх үүсвэр болох Туул усан цогцолбор төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж байна. Төслийн ТЭЗҮ-ийн хүрээнд инженер-геологийн болон топографийн судалгаа, цооногийн бичиглэл, лабораторийн шинжилгээг хийж байгаа юм.
ТЭЗҮ-ийг боловсруулж буй БНЭУ-ын гүйцэтгэгч байгууллагатай шат дараатай уулзалтуудыг зохион байгуулж, судалгааны хамрах хүрээг өргөжүүлэх, холбогдох санамж бичиг байгуулах чиглэлээр хамтран ажиллаж байна.
Туул усан цогцолбор төсөл нь гадаргын усыг хуримтлуулж, урьдчилсан судалгаагаар 5569 га талбайд ус хуримтлуулан 50-100 сая шоо метр ус нөөцлөх хүчин чадалтай байх юм. Далангийн урт 685.15 метр, өндөр 35.8 метр, хурдсын гүн 19.84 метр байх инженерийн шийдэл нь нийслэлийн усны хэрэгцээг урт хугацаанд хангах боломж олгоно.
Төслийн хүрээнд Туул голын дээд хэсэгт (далайн түвшнээс дээш 1352 метр өндөрт) боомт байгуулж, уг боомтын доод хэсэгт ус цэвэршүүлэх үйлдвэр болон бага оврын усан цахилгаан станц барихаар төлөвлөжээ. Мөн цэвэршүүлсэн усыг Улаанбаатар хотын төвлөрсөн ус хангамжийн системтэй холбох шугам хоолойг цогцоор нь байгуулах юм.
Одоогоор Улаанбаатар хот усны хэрэгцээгээ голчлон газрын доорх нөөцөөс хангаж байгаа ч хүн амын төвлөрөл нэмэгдэж, шинэ суурьшлын бүсүүд тэлэхийн хэрээр усны хэрэглээ өссөөр байна. Үүний улмаас газрын доорх усны нөөц цаашид хүрэлцэхгүй болох эрсдэл бий болж байна.
Мөн уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан хур тунадасны хэлбэлзэл нэмэгдэж, үерийн эрсдэл тохиох давтамж өсөх хандлагатай байгааг мэргэжилтнүүд онцолж байна. Ийм нөхцөлд усны нөөцийг хуримтлуулах, урсцыг зохицуулах дэд бүтэц шаардлагатай болжээ.
Туул усан цогцолбор төсөл нь Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон “Алсын хараа-2050” урт хугацааны бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан нийслэлийн усны аюулгүй байдлыг хангах стратегийн чухал дэд бүтцийн нэг юм.
