Туул усан цогцолбор төсөл Улаанбаатар хотын усны хэрэглээг хангахад чиглэж байна

2026-04-01 22:001min
20260401-220040-file.jpeg
Улаанбаатар хотын усны хэрэглээ нэмэгдэж буйтай холбогдуулан Туул усан цогцолбор төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, гадаргын усыг хуримтлуулах шинэ эх үүсвэр бий болгох ажил үргэлжилж байна.

Улаанбаатар хотын усны хэрэглээ жилээс жилд нэмэгдэж байгаатай холбогдуулан гадаргын усны шинэ эх үүсвэр болох Туул усан цогцолбор төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж байна. Төслийн ТЭЗҮ-ийн хүрээнд инженер-геологийн болон топографийн судалгаа, цооногийн бичиглэл, лабораторийн шинжилгээг хийж байгаа бөгөөд БНЭУ-ын гүйцэтгэгч байгууллагатай шат дараатай уулзалтуудыг зохион байгуулж, судалгааны хүрээг өргөжүүлэн хамтран ажиллаж байна.

Туул усан цогцолбор төсөл нь гадаргын усыг хуримтлуулах шинэ эх үүсвэр бий болгож, урьдчилсан судалгаагаар 5569 га талбайд ус хуримтлуулж, 50-100 сая шоо метр ус нөөцлөх хүчин чадалтай байхаар төлөвлөгдсөн. Инженерийн шийдлийн дагуу далангийн урт 685.15 метр, өндөр 35.8 метр, хурдсын гүн 19.84 метр байх бөгөөд энэ нь нийслэлийн усны хэрэгцээг урт хугацаанд хангах боломжтой юм.

Төслийн хүрээнд Туул голын дээд хэсэгт далайн түвшнээс дээш 1352 метрийн өндөрт боомт байгуулж, боомтын доод хэсэгт ус цэвэршүүлэх үйлдвэр, бага оврын усан цахилгаан станц барьж, цэвэршүүлсэн усыг Улаанбаатар хотын төвлөрсөн ус хангамжийн системтэй холбох шугам хоолойг цогцоор нь байгуулахаар төлөвлөжээ.

Одоогоор Улаанбаатар хот усны хэрэгцээгээ голчлон газрын доорх нөөцөөс хангаж байгаа ч хүн амын төвлөрөл нэмэгдэж, шинэ суурьшлын бүсүүд тэлэхийн хэрээр усны хэрэглээ өссөөр байна. Газрын доорх усны нөөц цаашид хүрэлцэхгүй болох эрсдэлийг тооцож, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн хур тунадасны хэлбэлзэл нэмэгдэж, үерийн эрсдэл өсөх хандлагатайг мэргэжилтнүүд онцолж байна. Ийм нөхцөлд усны нөөцийг хуримтлуулах, урсцыг зохицуулах дэд бүтэц шаардлагатай байна.

Туул усан цогцолбор төсөл нь Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон “Алсын хараа-2050” урт хугацааны бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан нийслэлийн усны аюулгүй байдлыг хангах стратегийн чухал дэд бүтцийн нэг юм.