ХЭҮК, ТЦА “Хавраас хамтдаа аюулгүй зорчъё” аяныг үргэлжлүүлж байна

Хүний Эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК) болон Тээврийн Цагдаагийн Алба (ТЦА) өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас “Хавраас хамтдаа аюулгүй зорчъё” аяныг хэрэгжүүлж байна.
Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар (НЗДТГ) дөрөвдүгээр сарын 10-ныг хүртэл мотоцикл, скүүтер, цахилгаан дугуй зэрэг тээврийн хэрэгслийг хориглосон захирамж гаргасан бөгөөд уг хугацаа дуусах дөхөж байгаатай холбогдуулан ХЭҮК өнөөдөр хэвлэлийн хурал зарлалаа.
Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн мэдээллээр сүүлийн хоёр жилд скүүтерээс үүдэлтэй осол 80 удаа (55.5 хувь), мотоциклоос үүдэлтэй осол 112 удаа (12.6 хувь), мопедоос үүдэлтэй осол 630 удаа буюу 11 дахин, суррон болон цахилгаан дугуйгаас үүдэлтэй осол 205 удаа буюу 4.1 дахин өссөн байна.
Өдөрт дунджаар 36,990 хэрэглэгч эдгээр тээврийн хэрэгслийг ашиглан, 600 мянга орчим автомашин болон явган хүмүүстэй зэрэгцэн замын хөдөлгөөнд оролцдог аж.
ХЭҮК-ын санаачилгаар хэрэгжиж буй “Хавраас хамтдаа аюулгүй зорчъё” аянд ТЦА, Жэт шэйринг ХХК, Тапатрип ХХК, Эко технологи ХХК, Юу гөү инвестмент монголиа ХХК, Хурд хүч ХХК зэрэг байгууллагууд хамтран оролцож байна.
НЗДТГ дээрх тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох журмыг батлахаар холбогдох байгууллагатай хамтран ажиллаж байгаа бөгөөд одоогоор уг журмыг батлаагүй тул иргэдийн аюулгүй зорчих эрхийг хангах, хөдөлгөөнийг сайжруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг алдалгүй авахыг сануулжээ.
ХЭҮК бусад албадад дараах зөвлөмжийг хүргүүлсэн байна. Скүүтерийг 20 км/цаг хурд хэтрүүлэхгүйгээр ашиглах, хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэг, сургуулийн ойр орчим болон иргэд олноор цугларсан газраар скүүтер болон цахилгаан дугуйгаар зорчихгүй байх, хөдөлгөөнд оролцохдоо гар утас хэрэглэхгүй байх, явган хүний гарцаар гарахдаа тээврийн хэрэгслээ түрж гарахыг зөвлөжээ.
Мөн 18 насанд хүрээгүй хүүхдүүд мотоцикл зэрэг тээврийн хэрэгсэл унахыг хориглодог ч эцэг, эхчүүд нь хүүхдэдээ ийм төрлийн тээврийн хэрэгсэл авч өгдөг нь эрсдэл дагуулж байна. Иймээс эцэг, эх, асран хамгаалагчид насанд хүрээгүй хүүхдүүдийг хөдөлгөөнд оролцуулахдаа холбогдох хуулийг мөрдүүлэх үүрэгтэй бөгөөд 10 хүртэлх насны хүүхдийг ганцааранг нь зорчуулахгүй байх зохицуулалт бий.
Явган хүний замаар зөвхөн явган хүн зорчих ёстой бөгөөд дугуйн замаар дугуй болон скүүтер унаж байгаа иргэд бусад тээврийн хэрэгсэл ашиглаж байгаа нь авто замаараа дүрмээ баримтлах ёстойг албаныхан анхааруулж байна.
Тээврийн Цагдаагийн Албаны Урьдчилсан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамир хэлэхдээ, дөрөвдүгээр сарын 10-наас хоёр дугуйт тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож эхлэх тул зорчигчдын аюулгүй байдал нэн тэргүүнд анхаарах шаардлагатай гэв.
Тэрбээр унадаг дугуйн замаар хоёр дугуйт тээврийн хэрэгсэлтэй иргэд зорчиж, ийм зам байхгүй бол зорчих хэсгийн баруун талаар явж, хамгаалалтын малгай өмсөх ёстойг онцолсон байна.
2025 онд хоёр дугуйт тээврийн хэрэгслийн ослын 420 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн бөгөөд үүнээс цахилгаан мопидтой холбоотой 191, сурронтой холбоотой 164, скүүтертэй холбоотой 65 дуудлага иржээ. Ослын улмаас 730 орчим хүн хүнд, хөнгөн бэртсэн бөгөөд ихэнх нь гавал, тархи, нуруундаа гэмтэл авсан байна.
Өнгөрсөн жил насанд хүрээгүй хүүхэд суррон унаж яваад амь насаа алдсан хоёр тохиолдол бүртгэгдсэн бөгөөд эцэг, эхчүүд бага насны хүүхдүүдтэйгээ хоёр дугуйт тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцохыг хориглоно гэж цагдаагийн байгууллагаас мэдээлэв.
16 нас хүрээгүй хүнд түрээсийн үйлчилгээ үзүүлэхгүй гэсэн эрхзүйн зохицуулалт бий бөгөөд эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдүүдийн хөдөлгөөнд оролцоог хянах үүрэгтэйг онцолсон байна.
Цагдаагийн байгууллага энэ жилээс мото эргүүл гаргаж, сургууль, цэцэрлэгийн орчинд 40 орчим байнгын эргүүл үүрэг гүйцэтгэхээр төлөвлөжээ. Зөрчил гаргасан иргэдэд хуульд заасны дагуу арга хэмжээ авна.
Судалгаагаар 350 орчим насанд хүрээгүй хүүхдүүдэд эцэг, эх, асран хамгаалагчид цахилгаан мотоцикл худалдаж авч өгсөн нь эрсдэл дагуулж байгааг тогтоосон бөгөөд Хан-Уул, Баянзүрх дүүрэгт сургуулийн насныхан замын хөдөлгөөнд хамгийн их оролцож байна.
