“Хан Жаргалант Ховд” хоршоо аймгийн махны 60 хувийг хангаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ховд аймгийн иргэд хөдөлмөрчидтэй уулзсаны дараа “Хан Жаргалант Ховд” хоршоонд зочиллоо. Тус хоршоо 2004 онд байгуулагдсан бөгөөд эхэндээ сард 100 мянган төгрөгөөр байр түрээслэн дөрвөн төрлийн мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлжээ. Одоогоор 20 гаруй ажилтантай, 30 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн аймгийн мах, махан бүтээгдэхүүний хэрэгцээний 60 хувийг хангаж, мөн Завхан, Увс аймагт нийлүүлж байна гэж хоршооны дарга Э.Өлзийхүү танилцууллаа.
Өмнө нь 18-20 хувийн хүүтэй зээл авч байсан хоршоо “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд зургаан хувийн хүүтэй, тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтын болон эргэлтийн хөрөнгийн зээл авсан байна. Энэхүү зээлээр тоног төхөөрөмжөө шинэчилж, 300 тонн багтаамжтай хөргүүртэй зоорь, агуулах барьсан бөгөөд ингэснээр долоон хүнийг байнгын ажлын байраар хангаж, шинээр таван төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлжээ. Хоршоо мах ангилан савлах төхөөрөмж, хаяг шошго, сав баглаа боодлыг шинэчлэхээр зорьж байна.
Цаашид “Хүнсний хувьсгал” хөдөлгөөнийг үргэлжлүүлэн, томоохон сүлжээ дэлгүүрүүд орон нутгийн бүтээгдэхүүнийг борлуулах талбай гаргах, жижиг бизнес эрхлэгчдийг санхүү, менежмент, төлөвлөлт, эрсдэлийг тодорхойлоход дэмжлэг үзүүлэх төв байгуулахыг бодлогоор дэмжихийг хүсч байна. Ерөнхийлөгч хоршооны тогтвортой үйл ажиллагаа явуулж, олон хүнийг ажлын байраар хангаж, татвараа төлж, орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулж байгаад талархал илэрхийллээ.
“Хан Жаргалант Ховд” хоршоо жилд 1.2 тэрбум төгрөгийн борлуулалт хийдэг бөгөөд уламжлал, шинэчлэлийг хослуулсан бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлж, ажилчдад хамгийн өндөр цалин олгох зорилт тавьжээ. Мөн хоршоо “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэн 2.5 га газарт алим, монос, нохойн хошуу зэрэг 1,800 орчим мод тарьж ургуулж байна.
