н.Анхбаяр гэх залуу цагдаагийн албан хаагчийн үнэмлэх, энгэрийн тэмдэгийг хуурамчаар хийж, хэсэг хоёр жилийн хугацаанд ашигласан байна. Хуурамч цагдаа үнэмлэхээрээ сүрийг үзүүлж байхдаа н.Анхбаяр нь жинхэнэ цагдаатай тааралдснаар гэмт үйлдэл нь илэрсэн.
Улмаар түүнийг цагдаагийн хэсэгт аваачин хуулийн дагуу шалгасан. Улмаар эрүүгийн хуулийн 23.2.1. – Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэсэн зүйл ангиар шалгаж хэргийг яллах дүгнэлттэйгээр шүүхэд шилжүүлжээ.
Шүүхээс Б.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан цагдаагийн албан хаагчийн А серийн албаны үнэмлэх,энгэрийн тэмдэгийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 4 000 000 төгрөгөөр торгох шийдвэр гаргасан.
Гэмт этгээд хуурамч үнэмлэх, энгэрийн тэмдэгээрээ “халтуур хийж” цагдаагийн нэр хүндийг унагаж байжээ. Өөрөөр хэлбэл, 2018 оны 10 дугаар сараас Анхбаяр нь оройн цагаар ажиллаад автобусны зогсоол дээр байгаа машинуудаас үнэмлэхийг нь хурааж аваад буцааж өгөхдөө 10-20.000 төгрөг авдаг байжээ. Мөн үнэмлэхээ үзүүлэн төлбөртэй зогсоолд үнэгүй байршуулах зэргээр бусадтай дээрэнгүй, харьцдаг байсан нь гэрчийн мэдүүлгүүдээр тодорхой болсон байна.
Хэдийгээр цагдаагийн алба хаагчийн нэрийг барьж, хуурамч бичиг баримт үзүүлж явсны улмаас цагдаагийн байгууллагад хохирол учраагүй ч цагдаагийн байгууллагын албаны болон алба хаагч нарын нэр хүндэд халдсан үйлдэл юм. Мөн цагдаагийн байгууллагын алба хаагчийн хувцас хэрэглэл болон бэлэгдэл тэмдэгийг адил төсөөтэйгээр болон дуурайлган хийхийг үйлдэхийг хориглосон заалт зохицуулалттай байдаг.
Тиймээс төрийн албан хаагчийн үнэмлэх, энгэрийн тэмдэг, бичиг баримт зэргийг хуурамчаар үйлдэх нь өөрөө гэмт хэрэг. Харин хуурамч бичиг баримт ашиглан залилангийн шинжтэй үйлдэл хийх нь гэмт хэргийг хүндрүүлж байгаа үйлдэл бөгөөд энэ мэтчилэнгээр буруу үйлдэл хийхгүй байхыг залууст анхааруулж байна. Хэнэггүй зангаасаа болж залуус гэмт хэрэгтэн болж, намтартаа хар толбо суулгах болно гэдгийг анхаарна уу.