Нийслэлд авто замын барилгын ажил дөрөвдүгээр сард эхэлнэ

Нийслэлийн хэмжээнд авто замын барилгын ажил 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нд эхлэхээр төлөвлөгдсөн байна. Энэ жил нийслэлд нийт 52 километр авто зам шинээр барьж, таван байршилд авто замын засвар шинэчлэлтийн ажлыг хийхээр төлөвлөжээ. Тэдгээрийн дотроос хамгийн урт нь Туулын хурдны замын барилгын ажил юм.
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчооноос эхлэн Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл 32 километр урт, зургаан эгнээ авто зам байх бөгөөд уг бүтээн байгуулалтын ажлыг 2024 оны гуравдугаар сарын 15-нд эхлүүлсэн байна. Төсөл нь нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой бөгөөд байгаль орчны нарийвчилсан үнэлгээ болон техникийн эдийн засгийн үндэслэлийг холбогдох мэргэжлийн байгууллагуудаар баталгаажуулсан аж.
Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр хэлэхдээ, Туулын хурдны замын барилгын ажил өнгөрсөн долоо хоногт эхэлсэн бөгөөд бэлтгэл ажил бүрэн хангагдаж, түр замын ажлууд хийгдэж байгаа гэлээ. Тэрбээр олон нийтийн сүлжээнд Туулын бургасыг устгах тухай мэдээлэл гарч байгаатай холбогдуулан, трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургасыг шилжүүлэх ажил хийгдэхгүй гэдгийг онцолсон байна. Мөн нийт трассын дагуу 10 метр өргөнтэй түр зам гаргаж, төмөрбетон суурийн ажлуудыг хийхээр төлөвлөж байгааг мэдээлэв.
Мөн Нийслэлийн Замын хөгжлийн газраас Эмээлт эко аж үйлдвэрийн парк руу явах 12.5 километр урт Эмээлтийн замыг Өлзийт хороолол, Морингийн даваатай холбох замын худалдан авах ажиллагааг зарлажээ. Сонгон шалгаруулалт дууссаны дараа дөрөвдүгээр сарын сүүлээр авто замын барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна.
