Аль Кайда террорист байгууллагыг үүсгэн байгуулагч Осама Бин Ладен агсны хүү алагдсан тухай АНУ-ын тагнуулын байгууллагын эх сурвалж мэдээлснийг хэвлэлүүд дамжуулжээ.
Одоо 30 орчим настай гэгддэг Хамза Бин Ладен хэзээ, хаана, хэрхэн алагдсан нь тодорхойгүй байна. Өчигдөр сэтгүүлчид АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон нараас энэ тухай тодруулахад мэдээлэл өгөхөөс татгалзжээ.
Вашингтоны засаг захиргаа өнгөрсөн хоёрдугаар сард Хамза Бин Ладеныг хаана байгаа талаар мэдээллийг нэг сая ам.доллараар худалдаж авах тухай зарлаж байв.
Эцгийгээ залгамжилж, Аль Кайда байгууллагын тэргүүн болсон гэгдэж байсан Хамза Бин Ладен өнгөрсөн хугацаанд хэд хэдэн удаа АНУ болон өрнөдийн орнууд руу халдахыг уриалсан аудио болон видео мэдэгдэл гаргаж байжээ. Мөн 2011 онд Пакистанд АНУ-ын тусгай хүчний явуулсан ажиллагааны үеэр алагдсан эцгийнхээ өшөөг авч, америк, жүүд хүмүүсийг алахыг жихадистуудад уриалж байсан юм.
Саудын Араб улс түүний иргэний харьяалалыг гуравдугаар сард цуцалж байв. Хамза Бин Ладеныг Афганистан, Сири, Пакистан, Иранд байгаа гэсэн цуурхал үе үе тарж байжээ.
2011 онд Осама Бин Ладеныг устгах ажиллагааны үеэр олж авсан бичиг баримт Хамза нь Аль Кайдагийн дараагийн удирдагч болохоор бэлтгэгдэж байгааг баталсан гэдэг.
Аль Кайда террорист байгууллага нь 2001 оны есдүгээр сарын 11-нд АНУ-ын Нью Йорк хотод халдлага зохион байгуулж байв. Гэвч сүүлийн жилүүдэд Исламын Улс бүлэглэл хүчирхэгжсэнээр энэ байгууллагын нэр хүнд унасан юм.
Эх сурвалж: BBC