Эмийн бүртгэл, импорт, хяналт, түгээлтийг нэгдсэн цахим системд нэгтгэнэ

Эм зүйн салбарын өнөөгийн нөхцөл байдал, эрх зүйн орчин, тулгамдсан асуудал болон цаашдын хөгжлийн гарц шийдлийг хэлэлцэх зорилгоор Эрүүл мэндийн яаманд “Эм зүйн удирдах ажилтны зөвлөгөөн” зохион байгуулагдлаа.
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн хэлсэн үгэндээ эмийн ханган нийлүүлэлтийн тогтолцоонд төр хувийн хэвшлийн ажлыг булааж авах бодлого байхгүйг онцолж, эмийн логистик, хадгалалт, түгээлт, дистрибьютерийн системийг хувийн хэвшлийн чадавх, туршлага дээр тулгуурлан үр ашигтай болгох бодлого баримталж байгааг тэмдэглэв.
Эм зүйн салбарын бодлого, зохицуулалтыг хэрэгжүүлэхэд Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын үүрэг оролцоо чухал бөгөөд ил тод, шинжлэх ухаанд суурилсан шийдвэр гаргах тогтолцоог бэхжүүлэх шаардлагатайг дурдав.
Эдгээр ажлыг хэрэгжүүлэхэд төр дангаараа бус бүх талын хамтын ажиллагаа шаардлагатайг сайд онцлон тэмдэглэж, зөвлөгөөнөөр хэлэлцсэн асуудал, шийдэл, санал зөвлөмжийг Эрүүл мэндийн яам болон Засгийн газрын түвшинд хэлэлцүүлэн бодит үр дүнд хүргэнэ гэдгийг мэдэгдэв.
Зөвлөгөөнд эм зүйн салбарын удирдах ажилтнууд, төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, мэргэжлийн холбоод, эм эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага, эрүүл мэндийн байгууллагын 130 гаруй мэргэжилтэн оролцсон байна.
