28-р цэцэрлэг сэргээгдэх эрчим хүчний хосолмол системээр дулаан хангамжийг шийдэв

УИХ-ын дарга Н.Учрал Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн төвд байрлах хүүхдийн 28-р цэцэрлэгт ажиллалаа. Тус цэцэрлэг сэргээгдэх эрчим хүчний дөрвөн эх үүсвэрийг хослуулан дулаан хангамжаа иж бүрэн шийдвэрлэсэн жишиг төсөл хэрэгжүүлсэн байна.
Төслийн хүрээнд нарны эрчим хүч, хөрсний гүний дулаан, нарны зайны батарей хуримтлуур болон агаараас дулаан ялгаруулах дулааны шахуурга (heatpump) зэрэг цэвэр, байгалийн сэргээгдэх эх үүсвэрүүдийг шинэлэг технологиор нэвтрүүлжээ.
Багийн төвийн барилгын дээврийн талбайд 27 ширхэг нарны вакуум коллектор суурилуулснаар 60 кВт-ын дулаан хангамжийг нарнаас авах боломж бүрдсэн байна. Мөн цэцэрлэгийн талбайд 120 метрийн гүнээс өрөмдсөн 28 ширхэг цооногоор ус болон хөрснөөс дулаанаа авах тооцоолол хийгджээ.
Авто зогсоолын талбайд байрлах 10 кВт-ын хоёр ширхэг нарны цахилгаан үүсгүүр нь төвийн цахилгаан шугамд гэмтэл гарсан үед цахилгаан эрчим хүчний хэрэглээг хангах үүрэгтэй юм.
Нийт 7000 метр куб эзэлхүүнтэй барилгыг энэхүү системээр халааснаар жилд 167 тонн нүүрсний хэрэглээнээс татгалзаж, агаар мандалд 417.5 тонн нүүрсхүчлийн хий тархахаас сэргийлж байна. Эдийн засгийн хувьд жилд 120 орчим сая төгрөгийн хэмнэлт гарна.
Уурын зуухны хэрэглээг халснаар агаар, хөрсний бохирдолгүй, найдвартай дулаан хангамжийг бүрдүүлж, 28-р цэцэрлэгийн 200 орчим хүүхэд суралцах, хөгжих таатай орчин бүрдсэн байна.
Мөн өрхийн хэрэглээний нарны хавтанг төвийн шугамтай холбох процессыг хөнгөвчилж, журам хялбаршуулснаар олон айл ногоон шилжилт хийж байна. Ийм найдвартай, байгальд ээлтэй халаалтын хосолмол системийг “Чөлөөлье” санаачилгын хүрээнд бодлогоор дэмжихээр төлөвлөж байна.
