Ойрх Дорнод дахь Монгол иргэдийг татан авах боломжит арга замуудыг эрэлхийлж байна

2026-03-05 13:301min
20260305-133032-file.jpeg
Монгол Улсын Засгийн газар Ойрх Дорнодод байгаа иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах үүднээс яаралтай арга хэмжээ авч, боломжит татан авалтын хувилбаруудыг судалж байна.

Иранд АНУ, Израилын хамтарсан цэргийн ажиллагаа эхэлснээс хойш Монгол Улсын Засгийн газар Ойрх Дорнодын бүс нутагт байгаа иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах үүднээс яаралтай арга хэмжээ авч, мэдээлэл, зөвлөгөө өгч байна.

Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Б.Болд мэдээлснээр, тус бүс нутагт өнөөдрийн байдлаар 469 Монгол иргэн байгаа бөгөөд тэдгээрийн 321 нь байнга оршин суугч, 148 нь түр зорчиж байгаа иргэд юм.

Түр зорчиж буй 148 иргэн бүгд эх орондоо буцах хүсэлтээ илэрхийлсэн бол байнга оршин суугчдаас 20 иргэн буцах хүсэлт гаргажээ. Гэсэн хэдий ч зарим улсын агаарын орон зай хаагдсан, нислэгүүд хязгаарлагдмал байгаа тул зохион байгуулалттайгаар иргэдийг татан авах ажиллагаа хүндрэлтэй байна.

Нөхцөл байдал цаг хугацааны хувьд өөрчлөгдөж байгаа тул Гадаад харилцааны яам боломжит хувилбаруудыг судалж, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Монгол иргэдтэй Элчин сайдын яамдаар дамжуулан тогтмол холбоотой ажиллаж, шаардлагатай зөвлөгөө, мэдээллийг өгч, эрүүл мэндийн асуудал гарсан тохиолдолд холбогдох байгууллагуудтай хамтран шийдвэрлэж байна.

Мөн хилийн чанадад ажиллаж, амьдарч буй иргэдэд дэмжлэг үзүүлэх зорилготой “Иргэдэд туслах сан” Засгийн газрын шийдвэрээр байгуулагдсан бөгөөд Ойрх Дорнодод үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан тус сангаас дэмжлэг авах албан ёсны хүсэлт одоогоор ирээгүй байна.