Чингис хаан нисэх буудалд эм, тамхи, сум нэвтрүүлэх зөрчил нэмэгджээ

2026-03-03 07:001min
20260303-070027-file.jpeg
Чингис хаан нисэх буудлын гаалийн газар он гарснаас хойш эм, тамхи, сум нэвтрүүлэх зөрчлийг илрүүлэн шалгаж байна. Зорчигчид хувийн хэрэглээнээс илүү хэмжээтэй бараа авч ирвэл хуульд заасан арга хэмжээ авдаг.

Чингис хаан олон улсын нисэх буудлын Гаалийн газар энэ оны эхнээс хойш 40 орчим гаалийн зөрчил илрүүлэн шалгажээ. Тэдгээрийн 40 орчим хувь нь эм, тариа, био бэлдмэлтэй холбоотой бол 30 гаруй хувь нь электрон тамхи, утаат тамхитай холбоотой байна. Мөн сум нэвтрүүлэх зөрчил нийт зөрчлийн 20 орчим хувийг эзэлж байна.

Гаалийн улсын байцаагч Б.Мөнхбаярын мэдээлснээр, сумыг гарах чиглэлд бүртгэдэг бөгөөд зарим зорчигч гадаад улс руу явахдаа сумыг түрүүвч, цүнхэндээ авч гарах зөрчил гаргадаг байна. Тамхи болон эмийг ирэх чиглэлд бүртгэдэг бөгөөд тамхи нь тарифын болон тарифын бус зохицуулалттай, тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн оруулж ирэх бараа юм. Тамхи нь 100 хувь онцгой албан татвартай.

Эм нь тарифын бус зохицуулалттай бөгөөд зөвхөн тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж оруулж ирэх ёстой. Эмийн тухай шинэчилсэн хуулийн дагуу зорчигчид долоо хоног, гурван сарын хэрэглээг холбогдох бичиг баримтын үндсэн дээр хилээр нэвтрүүлнэ. Гэсэн хэдий ч зорчигчид эм, тариа, тамхийг хувийн хэрэглээнээсээ илүү хэмжээгээр оруулж ирдэг бөгөөд энэ тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авч, зөрчилд холбогдсон барааг хураадаг байна.

“Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам”-д янжуур 200 ширхэг, сигар болон навчин тамхи 50 ширхэг, задгай тамхи 250 граммаас илүүгүйгээр хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрсөн байна. Харин хувийн хэрэглээний эмийг “Гаалийн тухай хууль”-ийн 227 дугаар зүйлийг баримтлан, аяллын хугацаанд эмчилгээнд хэрэглэх эмийн тоо хэмжээг эмнэлгийн байгууллагын магадлагаагаар баталгаажуулан хилээр нэвтрүүлдэг.