Сар шинийн баяраар 700 гаруй байгууллага хашаа, талбайгаа иргэдэд нээлттэй болгожээ

Сар шинийн баярын өдрүүдэд нийслэлийн иргэдийг ая тухтай, түгжрэл багатай зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Хашаагаа нээе” санаачилга амжилттай хэрэгжиж, төрийн болон хувийн хэвшлийн 700 гаруй аж ахуйн нэгж, байгууллага хашаа, талбайгаа иргэдэд нээлттэй болголоо.
Энэхүү санаачилгыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяр санаачлан хэрэгжүүлсэн бөгөөд авто замын ачааллыг бууруулах, иргэдийн зорчих урсгалыг жигд хуваарилах зорилготой байв.
Санаачилгын хүрээнд байгууллагууд автомашины зогсоол болон дотоод талбайгаа үнэ төлбөргүй ашиглуулах замаар төвийн бүсийн ачаалалтай хэсгүүдэд зорчих нөхцөлийг сайжруулсан байна.
Албаны эх сурвалжийн мэдээлснээр, аж ахуйн нэгжүүдийн идэвхтэй оролцоо нь зөвхөн баярын өдрүүдэд төдийгүй цаашид хотын түгжрэлийг бууруулах олон нийтийн оролцооны соёлыг хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлж байна.
“Хашаагаа нээе” санаачилгад нийслэлийн есөн дүүргийн төр, хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгж нэгдэн оролцож, зогсоолоо чөлөөлсөн нь иргэдийн талархлыг хүлээжээ.
