Монгол, Солонгосын Гадаад харилцааны яамдын стратегийн уулзалт Сөүлд болов

Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин Бүгд Найрамдах Солонгос Улсад айлчилж, тус улсын Гадаад хэргийн тэргүүн дэд сайд Паг Юн Жү-тэй 2024 оны хоёрдугаар сарын 23-нд Сөүл хотод Монгол, Солонгосын Гадаад харилцааны яам хооронд Стратегийн уулзалт хийв.
Уулзалтаар хоёр тал “Стратегийн түншлэл” харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэхэд дээд болон өндөр түвшний харилцан айлчлал, улс төрийн яриа хэлэлцээний идэвхийг хадгалах нь чухал болохыг онцолж, бүхий л салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхэд санал нэгдэв.
Мөн худалдаа, эдийн засаг, боловсрол, эрүүл мэндийн салбаруудад хамтын ажиллагааг өргөжүүлэх, иргэдийн зорчих нөхцөлийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцож, дараагийн стратегийн уулзалтыг 2024 онд Улаанбаатар хотод зохион байгуулахаар боллоо.
