Улаанбаатар хотын Дүүжин замын тээврийн төслийн явц 60.5 хувьтай байна

Улаанбаатар хотын Яармаг, Арцат-Хархорин, Өнөр хороолол чиглэлд хэрэгжиж буй Дүүжин замын тээвэр төслийн явц одоогоор 60.5 хувьтай байна.
Яармаг, Арцат дахь барилгын дүүргэлт, өрлөгийн ажил үргэлжилж байгаа бол Өнөр хороолол буудлын өрлөгийн ажил дуусаж, дүүжин тээврийн системийн тохиргооны ажил явагдаж байна. Ирэх дөрөвдүгээр сарын 15-наас тросс сүвлэх ажлыг эхлүүлэхээр бэлтгэл хангаж байна.
Яармаг-Хархорин чиглэлд нийт 19 тулгуур багана суурилуулахаас 18-ыг босгож, 28 кабины эхний ээлж болон цахилгааны холболтын кабелиудыг агуулахад буулгажээ.
Дүүжин замын тээвэр нь замын түгжрэл, зам тээврийн осол, цаг агаарын хүндрэлээс үл хамааран тогтсон хуваарийн дагуу найдвартай ажиллах дэлхийн хамгийн аюулгүй тээврийн хэрэгслүүдийн нэг юм.
Дэлхийн банк болон Олон улсын нийтийн тээврийн холбооны судалгаагаар дүүжин замын тээврийг нийтийн тээврийн үндсэн сүлжээнд нэгтгэснээр зорчих хугацаа богиносож, хүртээмж нэмэгдэж, аюулгүй байдал сайжирдаг нь тогтоогдсон байна. Тухайлбал, Ла-Пас хотод дүүжин зам ашиглалтад орсноор иргэдийн зорчих хугацаа дунджаар 22-50 хувиар буурсан байна.
