Бурханы шашны номыг уншихад зориулсан зөвлөмжүүд

2026-02-20 10:001min
20260220-100027-file.jpeg
Бурханы шашны номыг янз бүрийн тохиолдолд уншиж, засал хийлгэдэг бөгөөд эд баялаг, эрүүл мэнд, аюул ослоос сэргийлэх зэрэгт зориулсан төрөл бүрийн ном байдаг талаар зөвлөмжийг хүргэж байна.

Амьдралд хэрэгтэй алтан дүрэм булангийн энэ удаагийн дугаараар бурханы шашны номнуудыг ямар тохиолдолд уншдаг талаар зөвлөмжийг хүргэж байна.

Хойд насны буянд зориулан Алтан ганжуур болон Алтангэрэл номуудыг уншдаг бөгөөд өнгөрсөн хүний хойдын буянд “Авидын чого” номыг уншдаг байна.

Алтангэрэлийн даллагыг эд баялаг элбэгтэй байлгахад зориулдаг бол “Арван хангал” номыг аюул зовлонгоо арилгах зорилгоор уншдаг.

“Ариун сан” болон “Арван гурван гал” номыг аливаа бузрыг арилгах, байгаль эх дэлхийгээ хамгаалахад зориулдаг байна.

“Бадамхатан” номыг ажил үйлс бүтээх, гэр орноо амгалан байлгахад уншдаг бол “Базарсад” номыг мэнгэ засал болон гэм алдаагаа засахад хэрэглэдэг.

“Балган донойн сэржим” нь хулгайн бузрыг зайлуулахад зориулагдсан байна.

Хүүхэд болон мал агуурсыг өвчин орохоос сэргийлэхийн тулд “Банзрагч” номыг уншуулдаг бөгөөд хүүхэд тогтоох өвчингүй байлгахад “Бумчин” номыг айлдуулдаг аж.

Гай барцдааг арилгуулахад “Барчид” ламсэл, өвчин эмгэгийг арилгуулахад “Бага манал” номыг уншуулдаг байна.

Нас барсан хүний дараа төрлийг хурдан олуулахын тулд “Бардсолдов” номыг уншдаг.

“Говьсүмба” ном эрүүл энх, аз жаргалтай байлгахад зориулагдсан бол “Гар юм” номыг засал хийлгэхэд уншдаг.

Ажил үйлс, эрүүл мэндээ сахиусандаа даатгахыг хүсвэл “Ганшигууд” номыг уншуулж, айлын жил золгосны болон хүний сүлд хийморь сэргээхэд “Говийн Лха” номыг уншуулдаг.

“Гомбо” (махагал) ном таныг аюул ослоос хамгаалж, “Гурван гүрэм” ном нь үхээрээс бузартах, хулгай дээрэмд өртөх, гай барцад зэргийг арилгана.

Бие, хэл, сэтгэл гурваа бурхандаа даатгахыг хүсвэл “Гүсан тугийн мандал” өргүүлдэг бөгөөд “Дарь-Эхийн мандал” шаваа нь ажил үйлс бүтээх болон жирэмсэн хүнд зориулагдсан байна.

Аян замын засал, хулгайн гарз хаахад “Дашдондов” номыг уншуулж, газар лусаа аргадаж, эх дэлхийгээ баясгахын тулд “Дөрвөн уулын сан сэржим” өргүүлдэг.

Шинэ гэрт орж нүүж суухад “Дашзэвэг” номыг айлдуулж, буян хишиг, эд хөрөнгөө тогтооход “До дүдва” номыг уншуулах хэрэгтэй.

Хар цагаан хэл ам таныг болон гэр бүл, үр хүүхдийг тань дайрсан бол “Дорждэрэм” номыг айлдуулж, муу зүүдээ зайлуулж арилгуулахын тулд “Доржодов” номыг уншуулж, нүглээ наминчлахад “Дүншиг” номыг уншуулаарай.