Шинийн нэгний замын хөдөлгөөний ачааллыг бууруулах шуурхай ажлын хэсэг ажиллаж байна

Түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд шинийн нэгний замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор шуурхай ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс замын нөхцөл байдлын мэдээллийг олон нийтэд шууд дамжуулан хүргэж байгаа юм.
Өглөөний 08:00-10:30 цагийн хооронд Тээврийн цагдаагийн албан хаагчид замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад зориулан 536 зохицуулалт хийжээ. Өнөөдөр улсын хэмжээнд цагдаа, эмч, аврагч зэрэг нийт 7000 гаруй төрийн албан хаагч шуурхай, бэлэн байдалд ажиллаж байна.
Нийслэлийн хэмжээнд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Тээврийн цагдаагийн алба, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар болон Түргэн тусламжийн төвийн бүрэлдэхүүнтэй шуурхай ажлын хэсэг замын нөхцөл байдлыг шууд дамжуулан олон нийтэд мэдээлж байна.
