Монгол Улсын удирдлагууд Эзэн Богд Чингис хааны шүтээнд хүндэтгэл үзүүлэв

XVII жарны “Сүрээр дарагч” гал морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний өглөө буюу 2026 оны хоёрдугаар сарын 18-ны 07:40 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Монгол Улсын Их Хурлын дарга Ням-Осорын Учрал, Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар нар Мянганы суут хүмүүн, Эзэн Богд Чингис хааны шүтээнд хүндэтгэл үзүүллээ.
“Чингис хаан” үндэсний музей дэх “Их хааны өргөө”-ний хойморт байрлах Эзэн Богд Чингис хааны алтан хөшөө, шүтээн нь Монгол Улсын төрийн тахилгат 13 уулын хөрс шорооны дээж, алт эрдэнэсээр бүтээж, шүншиглэсэн байдаг.
Мөн уг музейд төрийн хасбуу тамга болон Хүннү гүрнээс XX зууны эхэн үе хүртэлх монгол түмний төрт ёс, түүх соёлын бүрэн түүхийг багтаасан төрт ёсны үнэт өв хадгалагдаж байна.
Монголчууд гал голомтоо сахин суугаагийнхаа илэрхийлэл болгон XVII жарны гал морин жилийн цагаан сарын тэргүүн билэгт сайн өдөр Их хаанд сүслэн мөргөж, хүндэтгэл үзүүлэх ёслолыг энэ жилээс тогтмол зохион байгуулж эхэлсэн юм.
Гал морин жилийн шинийн нэгний өглөө 08:15 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч, Их Хурлын дарга, Ерөнхий сайд нар Есөн хөлт цагаан тугандаа хүндэтгэл үзүүлсэн талаар Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
