Орхон аймагт амьдарч буй гэр хорооллын айлууд Эко ариун цэврийн байгууламж барьсан тохиолдолд урамшуулал олгохоор боллоо. Уг ажилд нийтдээ 608 сая төгрөг зарцуулна. Тодруулбал, орон нутгийн төсвөөс 277,5 сая, Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас 250 сая, Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөрөөс 95 сая төгрөгийн санхүүжилтийг тус тус хийх юм.
Үүний хүрээнд аймгийн Засаг дарга Д.Батлут захирамж гаргаж Эко ариун цэврийн байгууламж барих өрхөд урамшуулал олгох журмыг боловсруулах ажлын хэсгийг байгуулсан. Тус ажлын хэсэг журмаа боловсруулж дуусгаж, урамшуулалд хамрагдах айл өрхийн бүртгэлийг 7-р сарын 28-аас эхлүүлээд байна. Бүртгэлийг БОАЖГ, Баян-Өндөр сумын ЗДТГ-аас зохион байгуулах бөгөөд 14 хоногийн турш үргэлжилнэ.
Урамшуулалд нийтдээ 290 өрх хамрагдана. Өөрөөр хэлбэл Баян-Өндөр сумын гэр хорооллын 14 баг тус бүрт 19 өрх, Жаргалант суманд 24 өрх урамшуулалд хамрагдах боломжтой гэсэн үг юм. Нэг өрхөд 1 сая 997 мянган төгрөгийн урамшуулал олгоно. Мөн нийтийн эзэмшлийн 10 орчим байршилд Эко ариун цэврийн байгууламж байгуулна.
Дээрх байгууламжийн жишиг зургийг баталсан бөгөөд барьж байгуулах ажлыг мэргэжлийн байгууллага гүйцэтгэх юм. Эко ариун цэврийн байгууламж барьсан гэр хорооллын айлуудад урамшуулал олгох ажил жил бүр тогтмол үргэлжлэн хийгдэнэ гэдгийг ЗДТГ-ын ХОХБТ-ийн дарга онцоллоо.
Дээрх урамшуулалд хамрагдах өрхүүд нь дараах шаардлагыг хангасан байх хэрэгтэй. Үүнд:
- Орхон аймгийн харъяат
- Гэр хороололд байнгын оршин суудаг
- Инженерийн шугам сүлжээнд ойрын хугацаанд холбогдох боломжтой байршилд байрлаагүй
- Хашаандаа шинэ ариун цэврийн байгууламж барих зай талбайтай
- Хуучин ариун цэврийн байгууламжийг булж ариутгасан
- 2-3 ширхэг мод тарисан байх шаардлагатай.
Эх сурвалж: erdenet.mn