Нийслэлд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа эхэллээ

2026-02-02 14:301min
20260202-143048-file.jpeg
Нийслэлд сар шинийн баярыг угтан таван байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа эхэлж, хонины махыг зах зээлийн үнээс доогуур үнээр худалдаалж байна.

Нийслэлийн хэмжээнд нөөцийн махыг нэгдүгээр сарын 20-ны өдрөөс 375 цэгээр жижиглэнгээр худалдаалж эхэлсэн байна. Өнөөдрийн байдлаар есөн дүүргийн 386 дэлгүүрт жижиглэн худалдааг нэмэгдүүлэн зохион байгуулж байна.

Сар шинийн баярыг угтан нөөцийн махны өргөтгөсөн худалдааг энэ сарын 2-ноос эхлэн таван байршилд зохион байгуулахаар болжээ. Үүнд Их наяд плаза гадна талбай, Тусгаар тогтнолын талбай, Жуковын талбай, Драгон төв, Байгаль эх цогцолбор багтсан байна.

Энэ жил 9 аж ахуйн нэгж 5016 тонн нөөцөлсөн махыг нийслэлийн иргэдийн хаврын улирлын хэрэгцээнд зориулан бэлтгэжээ. Сар шинийн баярыг тохиолдуулан нөөцийн махны өргөтгөсөн худалдаанд хонины махыг зах зээлийн үнээс доогуур буюу килограмм нь 13,000 төгрөгөөр борлуулж байгаа аж. Чанар, стандартын дагуу бэлтгэсэн гулууз махыг өргөтгөсөн худалдаанаас авах боломжтой юм.