Нийслэлийн сүү хөтөлбөрт хамрагдаагүй үйлдвэрүүдэд тендер зарлаж байна

2026-01-27 13:011min
20260127-130103-file.jpeg
Нийслэлийн төсвийн 8.9 тэрбум төгрөгийн санхүүжилттэй сүү хөтөлбөр нь 1-5 дугаар ангийн 189,600 хүүхдийг хамруулж эхэлсэн бөгөөд ирэх жилээс бүх ангийн хүүхдийг хамруулах зорилготой ажиллаж байна.

Нийслэлийн төсвийн 8.9 тэрбум төгрөгөөр хэрэгжиж буй сүү хөтөлбөр нь нийслэлийн ерөнхий боловсролын 1-5 дугаар ангийн 189,600 хүүхдийг хамруулан эхэлсэн байна.

НЗД-ын нийгмийн бодлогын асуудал хариуцсан зөвлөх, НИТХ-ын төлөөлөгч Б.Сэмжидмаа мэдээлснээр, энэ жил нийслэлийн 171 сургуулийн 1-5 дугаар ангийн хүүхдүүд сүү хөтөлбөрт хамрагдаж эхэлсэн бөгөөд ирэх жилээс 1-12 дугаар ангийн бүх хүүхдийг хамруулах зорилт тавин ажиллаж байна.

Тэрбээр мөн Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй сүүний үйлдвэрүүдийн нөөц боломжийг судалж, сүүний савыг хог хаягдал болгохгүйгээр буцаан цуглуулах шийдэлд хүрснээ онцлов. НЗДТГ-аас 2026 оныг бизнес эрхлэгчдийг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан сүү хөтөлбөрт хамрагдаагүй үйлдвэрүүдэд боломж олгох үүднээс тендер зарлаж байгааг дуулгалаа.

Нийслэлийн ерөнхий боловсролын 70 дугаар сургуулийн захирал М.Түвшинжаргал хэлэхдээ, тус сургуульд 362 сурагч байгаагаас 1-5 дугаар ангийн 192 хүүхэд сүү хөтөлбөрт хамрагдаж, сүүг хадгалалтын шаардлагад нийцүүлэн хүүхдүүдэд өгч байна. Тусгай хэрэгцээт боловсролын сургууль учраас сүүнээс харшилтай хүүхдүүд байгаагийн улмаас эцэг, эхчүүдийн дунд судалгаа явуулсан байна.

Сэтгэмж цогцолбор сургуулийн захирал О.Мөнхзаяа мэдээлснээр, тус сургуулийн 1-5 дугаар ангийн 595 хүүхэд сүү хөтөлбөрт хамрагдаж, Д витаминаар баяжуулсан, кальциар баялаг, органик сүүг баталгаатай хадгалалтын нөхцөлд өгч байгаа нь хөтөлбөрийн онцлог юм.

Сүү хөтөлбөр нь хүүхдийн өсөлт, хөгжлийг дэмжих, бие махбодын дархлааг сайжруулах зорилготой хэрэгжиж байна.