Сонгинохайрхан дүүрэгт 3000 айлын орон сууцны төсөл хэрэгжиж байна

Улаанбаатар хотын агаар, орчны бохирдол, авто замын түгжрэлийг бууруулах, иргэдийн амьдралын чанарыг сайжруулах зорилгоор мега төслүүдийг үе шаттай хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд “20 минутын хот” нэгдсэн төлөвлөлтийн дагуу Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Ханын материалд 3000 айлын орон сууцны төслийг 20.7 га талбайд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
Төслийн нэгдүгээр үе шатанд нийт 232 нэгж талбарыг чөлөөлөх ажил 98 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Барилгын ажлын зураг төсөл 75 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм.
Төслийн хүрээнд 1800 өрхийн 7-9 давхар бүхий 24 орон сууц, 240 хүүхдийн ортой хоёр цэцэрлэг, 400 хүүхдийн суудалтай оффис, сургалт хөгжлийн төв, 1200 машины ил болон дулаан зогсоол (түүн дотор 180 хөгжлийн бэрхшээлтэй иргэний авто зогсоол), худалдаа болон үзвэр үйлчилгээний төв, спорт байгууламж барихаар төлөвлөсөн.
Мөн нийт талбайн 60 хувьд нийтийн зориулалттай цэцэрлэгт хүрээлэн, явган хүний болон дугуйн зам, тоглоомын талбай, гэрэлт гудамж, ногоон байгууламжийг цогцоор шийдэх юм.
Энэхүү төсөл хэрэгжсэнээр хүн амын хэт төвлөрлийг сааруулах, иргэдийн төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх, эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, агаар, хөрс, орчны бохирдлыг бууруулахад хувь нэмэр оруулах юм.
