Сүүлийн хэд хоног нийт нутгийг хамарсан үргэлжилсэн бороо орлоо. Тариалангийн бүс нутгийг хамарсан энэхүү хур одоогоор тариаланчдад ямар нэгэн хүндрэл үүсгээгүй байгааг холбогдох яамнаас мэдээлэв. Тариалалт, ургацтай холбоотой мэдээлэл хүргэе.
387 мянган га-д үр тариа тариалсан
Хаврын тариалалтын ажил тавдугаар сард эхэлсэн. Энэ онд 409.6 мянган тонн үр тариа, 160.9 мянган тонн төмс, 93.6 мянган тонн хүнсний ногоо, 93.6 мянган тонн хүнсний ногоо, 117.8 мянган тонн тэжээл, 19.3 мянган тонн тосны ургамал хураан авсан. Тэгвэл энэ жил дээрх хэрэглээгээ нэмэгдүүлэхийг хүсэж, нийт 478 мянган га талбайд тариалалт хийж, 508.1 мянган тонн үр тариа хураахаар зэхэж байна. Үүнийг төрлөөр нь ангилбал, 367.7 мянган га-д улаан буудай, 31.9 мянгад малын тэжээл, 29.1 мянгад тосны ургамал, 13.8 мянгад төмс, 8.9 мянгад хүнсний ногоо, 7.3 мянгад жимс, жимсгэнэ тариалсан. Ингэснээр 487.2 мянган тонн улаан буудай, 63.8 мянган тонн тэжээлийн ургамал, 24 мянган тонн тосны ургамал хураахаар төлөвлөжээ. Тэгвэл хүн амын дунд хамгийн өргөн хэрэглэдэг төмсийг 165.8 мянган тонныг хураана. Улсын хэмжээнд хүн амын төмсний хэрэглээ 133.9 мянган тонн байдаг. Ингэхээр төмснийхөө дотоодын хэрэгцээг бүрэн хангана. Харин хүнсний ногооны хувьд дотоодын хэрэгцээг 60 хувь хангах зорилт тавьсан. Өөрөөр хэлбэл, улсын хэмжээнд хүнсний ногооны нийт хэрэглээ 191.3 мянган тонн бол энэ онд 107.2 мянган тонныг хураан авахаар тооцсон.
Хаврын тариалалтад хүчний трактор 3130, үр тарианы үрлүүр 2201, хөрс боловсруулах техник 5740, төмс, хүнсний ногооны үрлүүр 570 ажилласан байдаг. Мөн 228 аж ахуйн нэгж, иргэнд 9.7 мянган тонн үрийн буудайг 30 хувийн хүүтэй, 225 аж ахуйн нэгж, иргэнд 1.2 мянган тонн шатахууныг 50 хувийн урьдчилгаатай зээлээр олгосон юм.
Цаг агаарын байдал тогтворгүй байсан нь ургац хураалтад нөлөөлсөн
Тариалалтаас хойш зургаадугаар сарын сүүлч, долоодугаар сарын эхний 10 хоног буудайн өсөлт хөгжилтийн чийгэнд хамгийн эмзэг үе буюу бутлалтаас гол хатгалтын шат байдаг. Одоо бол тариалалт ид дундаа явж байгаа. Наймдугаар сарын сүүлчээр тариалалтын явц, ургац хураалтын нөхцөл байдал тодорхой болно. Өнгөрсөн оны тухайд тариалалтын эхний үед ихэнх бүс нутгийг хамарч хур тундас багатай, зарим бүс нутгуудад огт хур тундасгүй, 3-4 удаагийн 6-10 орчим хоног үргэлжилсэн нарны хэт их халалт явагдсан нь ургацын байдалд сөргөөр нөлөөлсөн. Энэ байгалийн гамшигт үзэгдэл нь нэг аймгийн, нэг сумын нутагт харилцан адилгүй явагдаж, улмаар хур тундас нь зурваслан аадар хэлбэрээр орж байсан бол нарны хэт халалт нь бүс нутгийн ялгаваргүйгээр бүхэлдээ өндөр буюу 32-41 хэм хүрч халсан. Нарны хэт их халалт, хур тундасны дутагдлын улмаас бүх бүс нутгуудад тариалагдсан таримлын өсөлт хөгжилт саарч удааширснаар үр тариа, улаанбуудайн бутлалт байхгүй, намхан давжаа, жижиг товчин түрүү гарч улмаар нэгжээс хураан авах ургацын хэмжээ эрс буурсан. Түүнчлэн ургац хураалт эхэлсэн саруудад нийт нутгаар хур тунадас ихтэй, талбайд техник ажиллах боломж хомс байсан нь хураалтын ажилд хүндрэл учруулан, ургацын хаягдлыг нэмэгдүүлснээр хураан авах боломжит ургацын хэмжээнд сөргөөр нөлөөлсөн байдаг.
Жилийн жилд тариалангийн салбар хүн амын хүнсний ногоо, гурилын хэрэгцээг хангах төдийхнөөр явж ирсэн ч аажмаар урагшилсаар байгаа. Төмс, улаан буудайн дотоодын хэрэгцээг хангах, хүнсний ногооны дотоодын хэрэгцээг нэмэгдүүлэх зэрэг зорилтоос давж чаддаггүй байсан эл салбар энэ жилээс жимс жимсгэнийн тариалалтыг энэ онд чухалчилсан.