Ховд /МОНЦАМЭ/.Ховд Их сургууль, Монголын зэрлэг амьтан судлах, хамгаалах төв, Шведийн UMEA-гийн ХААИС хамтран “Ховд гол, Хар-Ус нуурын загасны тархалт, нүүдлийн судалгаа”-г үе шаттай хийж байна.
Ховд гол, Хар-Ус нуур орчим, голуудын загасны шилжилт хөдөлгөөн, нүүдлийн судалгааг радио дамжуулагч ашиглан тодорхойлох, загас судлал, гидробиологийн судалгааны боловсон хүчнийг бэлтгэх, чадваржуулах зорилтын хүрээнд хамтарсан судалгааны баг байгуулж долдугаар сарын 16-наас 24-нийг хүртэл ажилласан байна.
Судалгааны багийг Ховд их сургуулийн дэд профессор, доктор З.Бурмаа удирдсан бөгөөд судалгаанд Шведийн UMEA-гийн ХААИС-ийн загас, зэрлэг амьтан судлал, экологийн тэнхим, ШУА-ийн Ерөнхий ба сорилын биологийн хүрээлэн, Ховд аймгийн БОАЖГ, Хар-Ус нуур орчмын УТХГН-ын хамгаалалтын захиргаа, Хар нуур-Ховд голын сав газрын захиргаа, “Дөргөний УЦС” ХХК–ийн төлөөлөл 10 гаруй мэргэжилтэн, багш, судлаач оролцжээ.
Судалгааны хүрээнд цаг уурын үзүүлэлт, усны түвшин хэмжигч багаж буюу дата логер, радио дамжуулагч, хүлээн авагч, “Т bar” тэмдэглэгээ зэрэг таван төрлийн 150 орчим сая төгрөгийн өртөг бүхий багажийг загасанд байршуулсан байна.
Ингэхдээ Ховд голын дунд хэсэг-Баян-Өлгий аймгийн Баяннуур сумаас эхэлсэн урсгалын дагуу тав, Хар-Ус нуурт зургаан радио хүлээн авагч логер суулгаж, 30 гаруй загасанд радио дамжуулагч, мөн 30 гаруй загасанд “T bar” тэмдэглэгээ, гол, нуурын усны түвшин хэмжигч болон цаг уурын үзүүлэлтийг хэмжих дата логер байршуулжээ.
Ховд гол, Хар-Ус нууранд монгол хадран, алтайн шар сугас гэсэн хоёр төрлийн загас элбэг. Загасанд радио дамжуулагч суулгаж, байршуулах энэхүү судалгааны ажил нь Монгол орны баруун бүс нутаг, тэр дундаа Ховд аймагт анх удаа хийж буйгаараа онцлогтой. Судалгааны хоёр дахь үе шат ирэх есдүгээр сард болно.
Судалгааны үр дүнд нуур, голуудын загасны шилжилт хөдөлгөөний явц, нүүдэл, үржлийн газар, тоо толгойг бодитоор тогтоох боломж бүрдэнэ. Улмаар загасыг хамгаалахад чухал ач холбогдолтой.