Баян-Өлгий аймагт долдугаар сарын 28-ны өдөр “Алтай-Таванбогд” хурдан морины баруун бүсийн зуны уралдаан болов. Энэхүү уралдаанд найман насны ангиллаар 475 морь, 201 уралдаанч хүүхэд оролцсоноос дөрвөн хүүхэд мориноос унасан байна.
Тодруулбал, тус уралдааны үеэр гурван хүүхэд гараанаас гарахдаа, нэг хүүхэд барианд ойртож ирэхдээ морь нь хадуурч унажээ. Тэдгээр хүүхдүүдэд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн, ар гэрт нь хүлээлгэн өгсөн бөгөөд биеийн байдал нь сайн байгаа аж.
Баян-Өлгий аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар аймгийнхаа Мэргэжлийн хяналтын газартай хамтран уралдаанч хүүхдүүд стандартын дагуу хувцасласан эсэхэд хяналт тавьсан байна.
Дашрамд дурдахад, энэ удаа болзошгүй эрсдэл, аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор уралдаанч хүүхдийг “abile” мэдээллийн санд хурууны хээгээр бүртгэж, уяачид эцэг эхтэй нь зөвшөөрлийн гэрээ байгуулсан эсэхийг нягтлан уралдаанд оролцуулжээ.