Монгол Улс 2025 онд гадаад харилцаагаа өргөжүүлэв

2024 онд Монгол Улс төрийн болон албан ёсны 9 удаагийн айлчлал хүлээн авч, гадаад харилцааны салбарт түүхэн амжилт үзүүлсэн жил байлаа. Энэ жил “Дэлхийг Монголд” бодлогоор харилцан ашигтай хамтын ажиллагааг дэмжиж, бүхий л салбарт бодит үр дүн гаргасан байна.
2025 онд өмнөх ололт амжилтаа бататгаж, гадаад харилцааны цар хүрээг өргөжүүлэн хөгжүүлж, тэнцвэртэй бодлого хэрэгжүүлсэн жил боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Турк, Чех, Польш, Киргиз, Тажикистан, Энэтхэг, Итали, Гэгээн Ширээт Улсад төрийн айлчлал хийсэн бол Узбекистан, Туркменистан, Австри, Австралийн төрийн тэргүүн, Японы Цог Жавхлант Эзэн хаан манай улсад төрийн айлчлал хийв.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар улсынхаа байр суурийг илэрхийлсэн бөгөөд ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүнтэй уулзаж, Ялалтын 80 жилийн ойн хүндэтгэлийн ёслолд оролцлоо.
Төрийн айлчлалаар Турк, Чех, Узбекистан, Киргиз, Итали Улстай харилцааны түвшнийг ахиулж, “Стратегийн түншлэл” болон “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэсэн байна. Тухайлбал, Итали Улстай харилцаагаа хоёр шат ахиулж “Стратегийн түншлэл” тогтоолоо.
Австрали Улстай хамтын ажиллагааг “Иж бүрэн түншлэл”-д хүргэх тохиролцоог баталгаажуулж, Польштой “Иж бүрэн түншлэлийн үйл ажиллагааны 2025-2030 оны төлөвлөгөө”-г баталсан байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бээжин хотноо ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүнтэй уулзаж, Монгол, Хятад, Оросын “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг 2031 он хүртэл сунгаж, ОХУ-аас Монголын нутгаар дамжуулан БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийг хэрэгжүүлэхээр тохиролцлоо.
Одоогоор Монгол Улс ОХУ, БНХАУ-тай “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн харилцаатай бөгөөд АНУ-тай “Стратегийн гуравдагч хөршийн түншлэл”, Японтой “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх тусгай стратегийн түншлэл”, Герман, Солонгос, Казахстан, Турк, Энэтхэг, Итали зэрэг оронтой “Стратегийн түншлэл”, Чех, Узбекистан, Киргизтэй “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтоосон байна.
Мөн 2021 оноос хойш НҮБ-ын гишүүн 192 оронтой дипломат харилцаа тогтоосон байна.
