Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр энэ сарын 29-нд тохионо

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр жил бүрийн арванхоёрдугаар сарын 29-нд тохиодог бөгөөд энэ жил даваа гарагт буюу 29-нд бүх нийтээр амрах өдөр болж байна. Энэ нь “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулиар тогтоогдсон юм.
1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд Монголчууд Манж Чин гүрний ноёрхлыг эцэс болгож, Богд хаант Монгол Улсыг байгуулсан түүхтэй. Тус улс 1911-1919 онд оршин тогтнож, 1911 оны 12 дугаар сарын 30-нд Их хүрээнд “Бүгд хэргийг түр ерөнхийлөн шийтгэх газар”-ыг долоон хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан нь Монгол Улсын анхны төрийн сайд нар байв.
Гадаад хэргийн яамыг Чин ван Ханддорж, Дотоод хэргийн яамыг Да лам Цэрэнчимэд, Сангийн яамыг Түшээ гүн Чагдаржав, Цэргийн яамыг Засаг бэйс Гомбосүрэн, Шүүх яамыг гүн засаг Намсрай нар хариуцаж, анхны Ерөнхий сайдаар Сайн ноён хан Намнансүрэн томилогдсон юм.
Тусгаар тогтнолоо бататгах зорилгоор Орос Улсаас рублийн зээл авч, зэр зэвсэг худалдан авсан бөгөөд цэргийн мэргэжилтэн урьж Хужирбуланд цэргийн сургууль байгуулжээ. Мөн орчин цагийн сургууль байгуулж, Эрхүүд оюутан суралцуулж, сонин бичгийн анхны дугааруудыг хэвлэн гаргасан байна.
