Монгол Улс сүүлийн тав хоногт 300 гаруй вагон авто бензин хүлээн авлаа

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Газрын тосны бодлогын газрын дарга Ч.Хишигдалай шатахууны нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Өчигдөр зарим шатахуун түгээх станцууд Евро 5 стандартын бүтээгдэхүүн зарж эхэлсэн бөгөөд бүтээгдэхүүний үнэ үйлдвэрээс хамааран ялгаатай байна.
ОХУ-д авто бензиний үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор Евро 5 стандартын 92 авто бензин болон дизель түлшний үнэ өссөн байна.
Монгол Улс, ОХУ-ын хооронд болсон өндөр дээд түвшний хэлэлцээрээр шатахууны нийлүүлэлтийг ойрын хугацаанд жигдрүүлэхээр тохиролцсон бөгөөд үйлдвэрлэлийн асуудлууд байгааг тэмдэглэв.
Сүүлийн тав хоногт ОХУ-ын Ангарскийн үйлдвэрээс 300 гаруй вагон авто бензин нийлүүлсэн нь манай улсын өдөрт хэрэглэдэг 40 орчим вагоноос давсан нийлүүлэлт болж байна.
Үүний үр дүнд гадуур үүсээд байсан шатахууны оочир дараалал буурах төлөвтэй байна.
Дизель түлшний хувьд 12-р сард захиалсан 135,000 тонн бүтээгдэхүүний 90 хувь нь одоогоор нийлүүлэгдээд байна.
