Авъяаслаг уран бүтээлч Цэдэнпилийн Баттөрийн “Энгүй” нэртэй бие даасан үзэсгэлэн зургаадугаар сарын 25-наас ирэх сарын 6 хүртэл Art Space 976+ арт галлерейд гарч байна.
Үзэсгэлэнд орчин үеийн 13 эмэгтэйн хөрөг зургийг дэлгэн үзүүлсэн ба тэднийг 20-р зууны эхэн болоод түүнээс өмнөх цаг үеийн хүмүүс мэтээр дүрсэлснээр эмэгтэй хүнд мөнхөд оршсоор ирсэн чанаруудыг харуулахыг зорьжээ.
Уран бүтээлч Ц.Баттөр арав гаруй жилийн турш хүн байгалийн нарийн шүтэлцээг бүтээлдээ тусгахыг зорин ажилласан. Түүний бүтээлүүдээс хүний далд ухамсар, таашаал, сэтгэл хөдлөлийг мэдрэх боломжтой юм. Тэрээр бүтээлээ туурвихдаа өрнийн болоод монгол уламжлалт урлахуйн аргачлалыг нэгтгэн ашигладаг. Тухайлбал түүний тосон будгийн ажлуудад “Зүмбэр” хэмээх монгол аргачлал түгээмэл харагддана. Үүнийг “Энгүй” үзэсгэлэнд дүрслэгдсэн бодит мэт товойн харагдах гоёл чимэглэл, зүүлт сэлтээс харж болно.
2001 оноос уран бүтээлийн гараагаа эхэлснээс хойш уран бүтээлийн амжилт арвин байгааг оролцсон олон арван үзэсгэлэнгээс харах боломжтой билээ. Түүний бие даасан болон хамтарсан үзэсгэлэн Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей, Чойжин ламын сүм музей, Монголын Орчин Үеийн Урлагийн Музей, Монголын Урчуудын Эвлэл, Занаду арт галлерей, Art Space 976+ галлерейд дэлгэгдэж байв. Мөн Вьетнам улсад зохион байгуулагдсан “Art under the roof” хөтөлбөр, 6 дахь удаагийн Бээжингийн олон улсын урлагийн биенналь, Бюделсдорф хотноо зохиогдсон “Норд Арт 2016” олон улсын үзэсгэлэн, Бээжингийн олон улсын үзэсгэлэн, “Сибирийн өнгө” олон улсын пленер, Токио хотноо зохиогдсон Монгол, Солонгос болон Япон орны уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн зэрэг олон улсын нэр хүнд бүхий олон тооны үзэсгэлэн, биеннальд оролцож байжээ.
Зураач Ц.Баттөрийн уран бүтээлийн үнэлж ОХУ-н Иркутск хотод зохион байгуулагдсан “Евроази-Арт” уран бүтээлч багш нарын олон улсын үзэсгэлэнгээс Реалист зургийн тэргүүн байрын шагнал, ДДУС-ийн уран бүтээлч багш нарын “Орон зай 2014” үзэсгэлэнгээс тэргүүн шагнал, СУИС-ын оны шилдэг залуу багш, БСШУСЯ-н жуух бичиг зэргээр шагнаж байв.