Догшин ноён хутагт Данзанравжаагийн өвийг долоон үеэрээ агуулан хамгаалж ирсэн, уламжлал соёлоо дээдэлсэн тахилч, СГЗ З.Алтангэрэл таалал төгсчээ.
Тэрбээр Дорноговь аймгийн Өргөн суманд 1960 онд төрсөн. Эхнэр, гурван хүүхэдтэй. 1968 онд Сайншандын төмөр замын найман жилийн дунд сургуульд элсэн орж, Зүүнбаянгийн дунд сургуулийн 8-р ангийг 1977 онд төгссөн. 1977-1979 онд Улаанбаатар хотын тээврийн ТМС-ийг авто засварчны мэргэжлээр төгссөн байна.
1980 онд Цэргийн албанд мордож, Ардын армийн 107 дугаар ангид жолоочийн мэргэжил эзэмшсэн. 1986 онд Зүүнбаянгийн дунд сургуулийн 10 дугаар ангийг оройгоор дүүргэж, УБДС-ийн зураг ерөнхий техникийн факультетэд элсэн оржээ. Улмаар 1990 онд УБДС-ийг урлал техникийн мэргэжлээр төгсч багш мэргэжил эзэмшсэн. УБДС-д суралцахын зэрэгцээ Буддын гүн ухааны чиглэлээр судлаач-түүхч мэргэжил эзэмшсэн.
1993-1998 онуудад музейн ажилтныг мэргэшүүлэх курс, Соёл урлагийн ажилтнуудыг мэргэжүүлэх Англи хэл-менежментийн тусгай курс ЕSP зэргийг тус тус төгссөн юм.
1979-1980 онд Аймгийн тээврийг удирдах газарт засварчин, галч. 1980-1983 онд Цэргийн алба хааж, улмаар албыг үргэлжлүүлэн АА-ийн 126 дугаар нэгтгэлд ахлагч цолтой жолооч-багш, 1990 онд Сайншанд хотын Төмөр замын 10 жилийн сургуульд багш, 1991 оны аравдугаар сараас Данзанравжаагийн музейг байгуулж, захирал, мөн аймгийн Музей-сургалт судалгааны төвийн захирал, 2000-2008 онд Дорноговь аймгийн Музейн захирлаар ажилласан.
1990 оноос Хамарын хийдийн зөвлөлийн дарга, 1996 оноос Аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, МҮАН-ын Дорноговь аймгийн хорооны дэд дарга, Д.Равжаа судлалын төвийн нарийн бичгийн дарга, Байгаль аялал жуулчлал хөгжүүлэх “Таван дохио” ТББ-ын зөвлөлийн гишүүн, “Говийг хөгжүүлэх сан”-гийн зөвлөлийн гишүүн, “Равжаа сан”-гийн зөвлөлийн гишүүн, 2008-2016 онд Дорноговь аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажилласан юм.
Тэрбээр 1984 оноос Данзанравжаагийн тахилчийн үйл хэргийг өвлөж өнөөг хүрчээ.
Талийгаачийн ар гэр, төрөл төрөгсөд, найз нөхөд, хамт олонд нь гүн эмгэнэл илэрхийлье.