Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын томилгооны асуудлаар болон боловсролын байгууллагын удирдлагуудыг сэлгэн ажиллуулах талаар тус дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, БГД-ийн Эрүүл мэндийн төвийн орлогч дарга, дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгч Н.Болдбаатар нар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.
Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа Улсын их баяр наадмын өмнө буюу энэ сарын 10-ны өдөр хийгдсэн томилгоог хууль бус хэмээн үзэж буйгаа илэрхийлж “Наадмын өмнө манай Эрүүл мэндий төвийн даргыг ажлаас нь халсан байгаа. Халахдаа Эрүүл мэндийн тухай хуулийн тодорхой заалтыг зөрчсөн. Өөрөөр хэлбэл, надтай ямар нэгэн байдлаар зөвшилцөл хийлгүйгээр томилгоо хийсэн гэсэн үг. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн таван заалтыг зөрчсөн байгаа. Тиймээс бид холбогдох хуулийн дагуу шүүхэд хандсан. Салбарын сайд ч БГД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга Л.Батжаргалыг ажлаас нь халахыг дэмжихгүй, түүнийг халсан нь хариуцлагагүй үйлдэл хэмээн мэдээлсэн. Тиймээс Нийслэлийн эрүүл мэндийн газар хариуцлагагүй, улс төржсөн шийдвэр гаргасанд харамсаж байна. БГД-ийн Эрүүл мэндийн даргыг үндэслэлгүйгээр халсан гэж үзэн бид хуулийн байгууллагад хандсан” гэлээ.
Л.Батжаргал нь өнгөрсөн таван жилд 14 эмнэлэг барьж байгуулсан хариуцлагатай ажилтан гэдгийг энэ үеэр тодотгож байв.
Мөн наадмын үеэр Нийслэлийн боловсролын газраас гаргасан шийдвэрийн талаар хөндлөө. Тодруулбал, сургуулийн эрхлэгч, захирлуудыг сэлгэн ажиллуулах тухай тогтоолыг БГД-ийн Засаг дарга хууль бус гэж үзэж байгаа юм байна. Хуульд зааснаар захирал, эрхлэгч нар нь өөрөө зөвшөөрсөн тохиолдолд өөр байгууллагын ажлыг сайжруулах зорилгоор сэлгэн ажиллаж болно гэсэн байдаг аж. Харин БГД-ийн удирдлагын хэлж буйгаар Нийслэлийн боловсролын газраас тус дүүргийн сургуулийн захирал, эрхлэгч нар луу утасдаж, байнга улс төрийн дарамт шахалт үзүүлж, сэлгэн ажиллахыг шаарддаг аж. Ингэснээр зөвхөн “өөрөө зөвшөөрсөн тохиолдолд” гэсэн хуулийн заалтыг зөрчиж байна хэмээн үзжээ. Тиймээс энэ асуудлаар дүүргийн удирдлагуудын зүгээс хууль биелүүлж ажиллахыг шаардаж, тэмцэх болно гэдгээ мэдэгдсэн юм.