Т.Сайфолла, С.Мөнхзул нар пауэрлифтингийн ДАШТ-ээс нийлбэр дүнгээр медаль хүртлээ

Румын улсад арваннэгдүгээр сарын 10-16-ны өдрүүдэд болсон пауэрлифтингийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаас таван тамирчин оролцсон бөгөөд гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор хоёр тамирчин нийлбэр дүнгээр медаль хүртсэн нь түүхэн амжилт болов.
Эрэгтэйчүүдийн -120 кг-ын жинд Т.Сайфолла суултын төрөлд 440 кг өргөж алт, таталтын төрөлд 360 кг татсанаар хүрэл медаль хүртэж, нийлбэр дүнгээр (1097.5 кг) хүрэл медаль хүртэв.
Эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул суултын төрөлд 252.5 кг өргөж мөнгө, таталтын төрөлд 232.5 кг татсанаар мөнгөн медаль хүртэж, нийлбэр дүнгээр (620 кг) мөнгөн медаль хүртлээ.
Т.Сайфолла, С.Мөнхзул нар Монголын пауэрлифтингийн спортын түүхэнд анх удаа нийлбэрийн медаль хүртсэн тамирчид болж байна.
Мөн насанд хүрэгчдийн 59 кг-ын жинд Э.Нанзаддорж суултын төрөлд 245 кг өргөж, шахалтын төрөлд 170 кг шахсанаар хүрэл медаль хүртсэн байна.
