0-6 насны хүүхэдтэй төрийн албан хаагчдад ханиад хүрсэн тохиолдолд цалинтай тав хоногийн чөлөө олгоно

Өнгөрсөн аравдугаар сарын 29-нд Засгийн газрын хуралдаанаар 0-6 насны хүүхэдтэй, төрийн албанд ажилладаг эцэг эхчүүдэд ханиад хүрсэн тохиолдолд тав хоногийн цалинтай чөлөө олгох тогтоол баталсан.
Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга М.Наранпүрэв мэдээлснээр, томуу, томуу төст өвчний идэвхжилийн үед долоо хоногт 13,000-42,000 хүн амбулаториор үзүүлж, 1,600-4,600 хүн хэвтэн эмчлүүлдэг байна.
Өвчлөгсдийн 78 хувь нь 15 хүртэлх насны хүүхэд бөгөөд үүний 55 хувь нь 0-5 насны хүүхэд байдаг. Энэ өвчин нь амьсгалын замын цочмог халдвар, уушгины хатгаа болж хүндрэх эрсдэлтэй.
Иймд дараах нөхцөлд цалинтай чөлөө олгоно: өрх, сум, дүүргийн эрүүл мэндийн байгууллагад эмчийн үзлэгт хамрагдсан; томуу, томуу төст өвчний улмаас халууралт буухгүй, хүндрэх эрсдэлтэй; 0-6 насны хүүхэдтэй эцэг эхчүүд асран хамгаалал, хяналт шаардлагатай.
Тогтоолын дагуу томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед буюу арваннэгдүгээр сарын 1-нээс гуравдугаар сарын 1 хүртэл төрийн байгууллагын албан хаагчдад цалинтай тав хоногийн чөлөө олгоно.
Хувийн хэвшлийн байгууллагуудад ч энэ журмыг дагахыг уриалж, чөлөөний хуудсыг даатгуулагчид эмнэлгийн хуудасны журмын дагуу олгохыг мэдэгдэв. Холбогдох заавар, журмыг өрх, сум, дүүргийн төвүүдэд хүргүүлсэн байна.
