“Аравт” олон улсын морин цэргийн уралдаан наймдугаар сарын 3-8 өдрүүдэд Монгол Улсад анх удаагаа зохион байгуулагдана. Уралдааны үндсэн оролцогчоор Монгол, ОХУ, Казахстан, Киргиз улс оролцоно. Ажиглагчаар БНХАУ, АНУ, Зимбабве, Вьетнам зэрэг орнууд оролцох ажээ.
Тус морин цэргийн уралдааны өмнөх бэлтгэл долдугаар сарын 23-ны өдрөөс эхэлжээ. Энэ хүрээнд “Аравт” олон улсын морин цэргийн уралдаан зохион байгуулах хорооноос ОХУ, Казахстан, Киргиз улсын цэргийн алба хаагчдад бэлтгэлээс бусад цагуудад Монгол Улсын зан заншил, түүх уламжлал, соёл урлагийг сурталчилж байна. Тодруулбал, долдугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг сумын ЗДТГ-тай хамтран зохион байгуулсан “Адуучин” өдөрлөг байв. Дэлхийд нэрээ дуурсгасан монгол адууны гайхамшиг, монголчуудын адуу маллах өв соёлыг олон улсад сурталчлах зорилго бүхий энэхүү өдөрлөгөөр хурдан хүлгийнхээ зоон дээр урт уурга суналзуулсан 30 гаруй адуучин Төв аймгийн хэд хэдэн сумаас цуглуулсан шилмэл 200 гаруй адуугаа хурааж, уурга шүүрэх, морь булгиулах тэмцээн зохиож, ОХУ, Казахстан, Киргиз улсын цэргийн алба хаагчдын нүдийг хужирлав.
Адуучин залуус 40 метрийн зайд газарт хэвтээ уургыг давхиж яваа хурдан хүлгийнхээ нуруун дээрээс ганц бөхийлтөөр шүүрч байгаа нь гадна, дотнын зочдыг алмайруулж байв. Наадмыг үзэж сонирхохоор цугласан олон адуучдыг дэмжин уурга шүүрэх тоолонд өөрөөс нь илүүтэй баярлаж, алдаа гаргахад нь дуу халаглаж байв. Уналга эдэлгээнд орж үзээгүй догшин хангал морь сургах нь аль ч орны залуусын амар хийх ажил биш. 10 мянган жилийн тэртээгээс морь гаршуулж эхэлсэн цагаасаа монгол түмэн эмнэг хангал морийг булгиулж, сургаж ирсэн түүхтэй. Эмнэг адууг сургах нь түүнийг зөвхөн уналга эдэлгээнд ашиглах боломжийг бүрдүүлэхээс гадна Монгол залуусын бие бялдраа хөгжүүлэх нэгэн төрлийн дасгал сургалт гэж ахмад буурлуудын маань ярьдаг нь учиртай ажээ.
Эх сурвалж: ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБ