Өргөө зочид буудлыг нийслэлийн өмчид эргүүлэн авах шүүхийн шийдвэр хэрэгжиж эхэллээ

Нийслэл алдагдсан өмч хөрөнгөө эргүүлэн авах ажлыг хуулийн хүрээнд үе шаттай зохион байгуулж байна гэж Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай мэдэгдлээ. “Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид эргүүлэн авах шүүхийн шийдвэр 10 гаруй жилийн өмнө гарсан ч өнөөдрийг хүртэл эзэмшигчид шаардлагыг биелүүлээгүй байна.
Т.Даваадалайгийн хэлснээр, тус хэрэг 2012 онд Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн бөгөөд нийслэл “Өргөө” зочид буудлын эзэмшигчидтэй уулзалт товлож, удаа дараа бичиг өгсөн ч сүүлд энэ оны есдүгээр сард товлосон уулзалтад оролцоогүй тул нийслэл өмчөө авах мэдэгдэл хүргүүлжээ.
Нийслэлийн Засаг даргаас 2024 оны хоёрдугаар сарын 7-ны өдрийн албан бичгээр нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шаардлагатай баримтуудыг хүргүүлсний дагуу тус газраас компанийг татан буулгах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн байна.
Мөн НИТХ-ын 2025 оны тогтоол болон Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Дун өргөө” ХХК-ийн хувьцааг нийслэлийн өмчид шилжүүлэх талаар хэлэлцээр хийх ажлыг зохион байгуулах саналыг боловсруулан танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан байна.
