УИХ-ын гишүүнд 12 сарын хугацаанд тэтгэмж өгдөг заалтыг хүчингүй болгох цахим өргөдлийг хэлэлцэхээр болов

2025-10-30 13:491min
20251030-134947-file.jpeg

Нийтийн өргөдөл гомдлын систем D-Petition-д УИХ-ын гишүүний бүрэн эрх дууссанаас хойш 12 сарын хугацаанд гишүүний үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж өгөх хуулийн заалтыг хүчингүй болгуулах цахим өргөдлийг есдүгээр сарын 24-нд санаачилсан.

Уг өргөдлийг аравдугаар сарын 27-ны өдрийн байдлаар 100,415 хүн дэмжиж гарын үсэг зурснаар Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 39.4.1-д заасны дагуу “хуулийн төсөл санаачлах саналыг 100,000 ба түүнээс дээш тооны иргэн дэмжсэн бол Улсын Их Хурал авч хэлэлцэнэ” гэсэн болзлыг хангасан.

УИХ-ын намрын чуулганы өнөөдрийн хуралдаанаар уг өргөдлийг Төрийн байгуулалтын байнгын хороо болон Өргөдлийн байнгын хороонд шилжүүлсэн талаар УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж мэдээллээ.

Байнгын хороод уг цахим өргөдлийг үндэслэлтэй гэж үзвэл холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт оруулах байдлаар хуулийн төсөл санаачилна.

Тус өргөдлийг санаачилсан Монгол Улсын иргэн Цогбадрахын Батболд “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт даатгуулагчид олгох ажилгүйдлийн тэтгэмжийг түүний шимтгэл төлсөн хугацааг харгалзан ажилгүй болохын өмнөх шимтгэл төлсөн сүүлийн дараалсан 9 сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас тодорхой хувь хэмжээгээр олгохоор хуульчилсан. Энэ заалтаар ажилгүйдлийн тэтгэмжийн дээд хэмжээг хамгийн ихдээ ажилгүйдлийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа 180-аас дээш сар бол сүүлийн 9 сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджийн 70 хувиар тооцож олгохоор заасан байна. Энэ заалт нь ажилгүйдлийн даатгалын шимтгэл төлсөн Монгол Улсын бүх иргэнд хамаарах, адил тэгш үйлчлэх хуулийн заалт юм” гэж тайлбарлажээ.

Тэрбээр, “Монгол Улсын Үндсэн хуулийн 23 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, 7.4-д улсын их хурлын гишүүний бүрэн эрхийн хугацаа 4 жил, бүрэн эрх нь төрийн сүлдэнд тангараг өргөснөөр эхэлж, Улсын Их Хурлын дараагийн сонгуулиар шинэ сонгогдсон гишүүд тангараг өргөснөөр дуусгавар болохоор хуульчлагдсан” хэмээн онцолсон байна.

Түүний хэлснээр, “Гэтэл Улсын Их Хурлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9-д ‘Хэрэв гишүүн бүрэн эрх дуусгавар болсноос хойш ажил эрхлээгүй бол 12 сарын хугацаанд гишүүний үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж’ гэж заасан нь тодорхой хэсэг, бүлэг этгээдүүдэд давуу байдал бий болгосон, цөөнхийн эрх ашигт нийцсэн, адил хүчин чадалтай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн” гэжээ.