Яармагаас Нэгдүгээр хороолол чиглэлд иргэдэд үйлчлэх дүүжин тээврийн найм дахь тулгуур баганыг суурилуулжээ

2025-10-22 09:331min
guur20251022

Яармагаас Нэгдүгээр хорооллын Хархорин зах чиглэлд дүүжин тээврийн замын нэгдүгээр шугамын барилга угсралтын ажил үргэлжилж буй.

Тус чиглэлд тулгуур багануудыг суурилуулах, буудлын барилгын ажлууд хийгдэж байгаа бөгөөд 10 дугаар тулгуур баганыг өчигдөр суурилуулжээ. Ингэснээр нийт 19 тулгуур багана суурилуулахаас 8 дахь тулгуурыг босгосон байна.

Энэ тухай Нийслэлийн нэгдсэн төслийн удирдлагын газраас “Дүүжин тээврийн суурийн бетон цутгалтын ажлыг аравдугаар сарын 30-ны өдөр дуусгана.

28 хоногийн бат бэхдээ хүрсний дараа металл хийцлэлийн угсралтыг хоёр өдөрт багтаан угсрах боломжтой.

Одоогоор суурийн ажил 75 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа бол тулгуур цамхгийн суурилуулалтыг арваннэгдүгээр сард бүрэн хийж дуусгахаар төлөвлөсөн” гэж танилцууллаа.

Төслийн сантехник, халаалтын систем, агааржуулалт, хүлээн авах барилгуудын дотор засал болон холбоо, дохиоллын ажлуудыг 2026 оны нэгдүгээр сараас эхлүүлэхээр төлөвлөжээ.

Франц улсын “Пома” группийн төслийн дэд менежер Алексис Грессэл “Монголын өвөл маш хүйтэн гэдгээрээ алдартай. Гэхдээ дүүжин тээвэр маань хамгийн анх цанын баазад зориулж бүтээгдсэн учир өвлийн цагт ашиглагдана.

Өвлийн улиралд ган татлага дээр мөс тогтвол арилгах эд анги байгаа.

Монголын хөрс сул учраас тулгуур баганыг гүн суурилуулна. Арматурыг хамгийн ихдээ 18 метр хүртэл гүнд суулгаж, бетоноор цутгана. Тулгуур баганыг баталгаатай гүнд суурилуулж байгаа” хэмээн мэдээлж байв.

Улаанбаатар хотод дүүжин замын тээвэр төслийг 40-өөс дээш жилийн хугацаатай, жилийн 0.0078%-ийн хүүтэй, 316 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний еврогийн Франц улсын нэн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж байгаа билээ.

Яармагаас Хархорин зах чиглэлд дүүжин тээврээр зорчиход 11 минут зарцуулах тооцоолол гарчээ.