ЦЕГ: Мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан яллагдагчийг олж, баривчилсан

2025-10-20 18:001min
Screenshot 2025-10-20 155224

Хар тамхитай тэмцэх газраас Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйл болох Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг үйлдэж, шалгагдаж байхдаа мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан яллагдагч Э-г энэ сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс олж тогтоон баривчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авчээ.

Оргодол этгээд нь баригдах үедээ Нэгдсэн Үндэсний Байгууллын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенци”-ийн хоёрдугаар жагсаалтад багтсан дельта-9 агууламжтай мансууруулах, сэтгэцэд нөлөөт ургамлыг хууль бусаар хадгалж, давтан гэмт хэрэг үйлдсэн болохыг илрүүлсэн байна.

Тус этгээд нь 2015 оноос хойш хулгайлах, дээрэмдэх гэмт хэрэгт гурван удаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт нэг удаа нийт дөрвөн удаагийн ял шийтгэл эдэлж байжээ.

Сүүлийн үед энэ төрлийн гэмт хэрэгт холбогдогч этгээдүүд нь урьд өмнө Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг зэрэг бусад төрлийн гэмт хэрэг үйлдсэн байгаа нь анхаарал татаж байна.

Цаашид гэмт хэрэгтнүүдийн зүгээс мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис худалдан авч хэрэглэх, хадгалах бусдад зарж борлуулах үйлдэлдээ санхүүгийн эх үүсвэр бий болгох хэрэгцээ шаардлагаар бусад төрлийн гэмт хэрэг үйлдэж байгаа нь хар тамхины гэмт хэрэг бусад гэмт хэргийн суурь гэмт хэрэг болж байгааг Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээлэв.