Томуугаар жилд 40-50 хүн өөд болдог

2025-10-15 17:202min
555

Сүүлийн гурван жилд томуугийн өвчлөл хоёр дахин удаан үргэлжилж, өвчлөл 1.5-2 дахин нэмэгдсэн талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Тухайлбал, тандалтын мэдээгээр жилд дунджаар 630 000-700 000 хүн томуугаар өвчилж, 45 000-47 000 тохиолдол эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, 40-50 хүн нас бардаг.

Иймд томуугийн халдвараар өвчлөх, хүндрэх эрсдэлээс сэргийлэх аргуудыг өдөр тутамдаа хэрэгжүүлэх болон дархлаажуулалтад хамрагдахыг зөвлөлөө.

Томуугийн халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж:

  1.  Бага насны хүүхдийг аль болох дааруулахгүй, дулаан хувцаслах, ханиад шуухинаатай бол гэрээс гарахгүй байх;
  2.  Ханиаж, найтаасан тохиолдолд ам, хамраа алчуураар таглах, амны хаалтыг хэрэглэх;
  3.  Гараа савандаж, угаах, ялангуяа ханиаж найтаасны дараа гараа заавал угаах, эсвэл спиртэн суурьтай халдваргүйтгэлийн уусмалаар гараа арчих;
  4.  Халдвар авахгүй, халдвар тараахгүйн тулд, шаардлагагүй тохиолдолд үзвэр үйлчилгээ, олон нийтийн газраар зорчихгүй байх;
  5.  Биеийн эсэргүүцэл сайжруулах амин дэмээр баялаг хоол хүнсний зүйл хэрэглэх, чацаргана, аньсны шүүс зэрэг шингэнийг уух;
  6.  Хамрын хөндийг өдөрт 2-оос багагүй удаа цэвэрлэх, угаах;
  7.  Хоолойгоо давс, содын уусмал, сармисны хандаар зайлах;
  8.  Гэр, орондоо чийгтэй цэвэрлэгээ, агаарын сэлгэлтийг байнга хийх;
  9.  Хэрэв та болон танай гэр бүлийн хэн нэгэнд 38 хэмээс дээш өндөр халуурах, ханиалгах зэрэг томуу, томуу төст өвчний шинж тэмдэг илэрсэн бол бусдад халдвар тараахаас сэргийлж, сургууль, цэцэрлэг, ажилдаа явалгүй харьяа дүүрэг, хорооны өрхийн эрүүл мэндийн төвдөө хандан эмчийн зааврын дагуу эмчилгээг хийх.

Томуугийн халдвараар өвчлөх, хүндрэх эрсдэлтэй хүн ам болох:

  • 6 сартайгаас 6 хүртэлх насны хүүхдүүд;
  • Жирэмсэн эмэгтэй;
  • 65-аас дээш насны ахмадууд, архаг хууч өвчтэй хүмүүс;

Эмч, эмнэлгийн ажилтан, хүүхдийн байгууллагын багш нар дархлаажуулалтад үнэ төлбөргүй хамрагдах боломжтой