“The Huns” баг CS Asia Championships-2025 тэмцээний эхний тоглолтдоо хожигдов

Цахим спортын Counter Strike-2 (CS2) тоглоомын хоёрдугаар зэрэглэлийн “CS Asia Championships 2025” тэмцээн Хятадын Шанхай хотноо үргэлжилж байна.
Нийт нэг сая ам.долларын шагналын сантай уг тэмцээнд манай улсаас “The Huns Esports” баг оролцож байгаа юм. Түүнчлэн энэ тэмцээнд 16 баг хоёр хэсэгт хуваагдан тоглож байгаа бөгөөд хэсэг бүрээс гурван баг Playoffs шатанд шалгарна. Хэсэгтээ хоёр хожигдсон баг тэмцээнээ өндөрлүүлэх бол хоёр хожсон баг нь дараагийн шатанд шалгарах дүрэмтэй.
Тэгвэл манай улсын “The Huns Esports” баг эхний учраандаа Францын “3DMAX” багийн эсрэг өнөөдөр тоглож, 1:13 тооны харьцаатай ялагдлаа. Ингэснээр А хэсгийн доод хүснэгтээс тэмцээнээ үргэлжлүүлэх болсон ба өнөөдөр 15:00 цагт тэмцээнээс хасагдахгүйн төлөө ОХУ-ын “Virtus.pro” багийн эсрэг тоглох хуваарьтай байна. Хэрэв энэ тоглолтод хожвол маргааш 17:00 цагт дахин тоглоно.
“CS Asia Championships 2025” тэмцээнд түрүүлсэн баг 400,000 ам.доллар, хоёрдугаар байр эзэлсэн баг 170,000 ам.доллар, гуравдугаар байрт шалгарсан баг 130,000 ам.долларын шагнал авна.
“The Huns Esports” баг энэ оны хоёр дахь дэлхийн аварга шалгаруулах тэмцээн буюу StarLadder Budapest Major 2025 тэмцээнд оролцох эрхтэй болсон билээ. Мөн тус багийн бүрэлдэхүүнд “nin9” буюу Г.Есөнтөмөр, “Bart4k” буюу Б.Баатархүү, “cobrazera” У.Анарбилэг, “xerolte” Э.Мөнхтогтох, “skOR” буюу Б.Тэнгис нар байгаа юм.