Л.Алтангэрэл: Одоо дулааны хоёр шугамын тохижилтыг гүйцэтгэснээр шинэчлэл дуусна

Нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэлийг хэрхэн хангасан тухай өнөөдөр албаны хүн мэдээллээ.
УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл “Өнөөдрийн буюу аравдугаар сарын 13-ны байдлаар нийслэл хотын өвөлжилтийн бэлтгэл ажлын нийт явц 93 хувьтай байна. Салбараар нь авч үзвэл дулааны шугам сүлжээ 98%, цахилгаан эрчим хүчний салбарынх 95%-д хүрсэн.
Энэ жил 100 гаруй километр авто замыг засварлаж, дулааны болон цэвэр усны 88.4 километр шугамыг шинэчиллээ. Одоо дулааны хоёр шугамын тохижилтын ажлыг гүйцэтгэснээр дулааны шугамын шинэчлэл дуусна.
Өвөлжилтийн явцад хүндэрч болзошгүй орон сууц, сургууль, цэцэрлэгийн доторх цэвэр, бохир усны шугам сүлжээг нэмэлтээр зургаан тэрбум төгрөг төсөвлөн засварлаж байна.
Энэ жил дулааны 15.6 километр шугамыг өргөтгөсөн юм. Ингэснээр хотын төв, 6 дугаар Бичил хороолол, Зайсан, Төмөр зам, Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны хорооллуудын дулаан хангамж өмнөх жилүүдээс эрс сайжирна” гэв.
Нийслэл хотод 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангахаар энэ оны нэгдүгээр сараас эхлэн авто зам, инженерийн дэд бүтэц, тохижилт, бүтээн байгуулалтын шинжтэй 750 нэр төрлийн арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн юм хэмээн тэрбээр тайлбарлалаа.