Эрдэнэс Тавантолгойд онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрсний экспорт өсчээ

2025-10-06 09:581min
327586771_734762061323110_5048426873020999899_n_b

Эрдэнэс Тавантолгой ХК өнгөрсөн сард Гашуунсухайт болон Ханги боомтоор 3,2 сая тонн нүүрс экспортолсон байна. Энэ нь өмнөх сараас 5 сая тонноор өссөн үзүүлэлт аж

Засгийн газраас, энэ оны долдугаар сарын 9-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-д гурван сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн баг томилон ажиллуулсан. Өөрөөр хэлбэл, улс орны эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлж, гадаад валютын орох урсгал, нөөцийг нэмэгдүүлэх, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд нүүрс тээвэр, хил нэвтрүүлэх үйл ажиллагаа, салбар дундын уялдааг сайжруулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх болон компанийн үйл ажиллагаанд тулгарч буй хүндрэлтэй асуудлыг шуурхай шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж онцгой дэглэм тогтоосон байдаг.

Улмаар энэ хугацаанд, гацсан байсан биржийн арилжааг сэргээж 75 удаагийн арилжаагаар 5.8 сая тонн нүүрс борлуулж, 513.8 сая ам.долларын орлого олсон байна. Мөн гэрээнүүдийг гацаанаас гаргаж, нүүрс тээврийг сарын 1.7 сая тонноос 2.8 сая тоннд хүргэж 1.6 дахин нэмэгдүүлжээ. Түүнчлэн техникийн бэлэн байдал 56 хувиас 81 хувьд хүрсэн бөгөөд Dashboard систем нэвтрүүлж, олборлолт, тээврийг шууд хянах боломжтой болжээ. Эдгээрээс гадна Цанхийн хэсэгт шинэ уурхай ашиглалтад орж, сайн чанарын 1/3 коксжих нүүрсийг олон улсын үнээр борлуулах боломж бүрдсэн ба нэгж бүтээгдэхүүний эдийн засгийн үр ашиг 40 хувиар нэмэгджээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК наймдугаар сард 2,7 сая тонн нүүрс экспортолсон бол есдүгээр сард Гашуунсухайт, Ханги боомтоор 3,2 сая тонн нүүрс экспортолжээ.

Есдүгээр сард 3,2 сая тонн нүүрс экспортолсон нь тус компанийн бүх цагийн үеийн экспортын хамгийн өндөр үзүүлэлт болжээ.