БАЙР СУУРЬ: Сайдын томилгоог УИХ-аар хэлэлцэх асуудлын дараалалд оруулаагүй байгаа талаар

МАН-ын даргын сонгуультай холбоотойгоор УИХ-ын үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх боломжгүй болов.
АН-ын бүлгийн гишүүд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан чуулганыг даргалах ёс зүйн чадамжгүй, Засгийн газраас өргөн барьсан ирэх оны төсвийг хариуцах эзэнгүй хэлэлцэж байна гэдэг шүүмжлэл хэлэн хуралдааныг орхин гарсан. АН-ын бүлгийнхэн чуулганы танхимаас гарснаар өнөөдөр хэлэлцэхээр товлосон хуулийн төслүүдийг цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон юм.
Харин МАН-ын тухайд Д.Амарбаясгаланг дэмжин санал өгсөн талынхан намын даргаар сонгосонд тооцсон тухай мэдээлсэн бол Ерөнхий сайд Г.Занданшатар нүүрсний хулгайтай тэмцэхийн тулд УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох болсноо мэдэгдсэн. Гэтэл үүний дараа буюу өчигдөр /2025.10.1/ Хяналтын ерөнхий хорооны хурлаас УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг намаас хөөх шийдвэр гаргаад буй.
Ийм нөхцөл байдалд хууль тогтоох дээд байгууллагын хэвийн үйл ажиллагаа гацаж, эрх баригч хоёр хуваагдаад байна.
Өнөөдрийн чуулганы хуралдаанаар Ерөнхий сайдын зүгээс шинэ сайдаа УИХ-д танилцуулахаар хүлээж байсан ч УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа өнөөдөр хэлэлцэх асуудал завсарласныг хэлэн, хуралдааныг хаасан юм.
Энэ талаар ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт болон УИХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж нарын мэдээллийг хүргэе.
С.Бямбацогт: Засгийн газрын гишүүнийг УИХ-д танилцуулснаар томилогдсонд тооцдог
ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт “Төрийн ажил тасралтгүй явах ёстой. УИХ төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллага. Засгийн газар бол хуулийг биелүүлдэг, гүйцэтгэх дээд байгууллага. Засгийн газраас Монгол Улсын 2026 оны төсвийг өргөн барьсан. Хэлэлцэх эсэх нь УИХ-ын бүрэн эрх. УИХ хэлэлцэхгүй буцаая гэвэл Засгийн газар дахин боловсруулах нөхцөл байдал үүснэ.
Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайдыг томилох, чөлөөлөх асуудлыг оруулж ирсэн. Ерөнхий сайд есдүгээр сарын 30-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн сайдаар УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг томилох болсноо Ерөнхийлөгчид танилцуулсан. Ингээд УИХ-д танилцуулах ажлыг зохион байгуулж өгөөч гэдэг хүсэлтийг хүргүүлсэн. Аравдугаар сарын 2-нд УИХ‑д танилцуулах тов тогтоож өгнө үү гэдэг хүсэлт хүргүүлсэн. Харамсалтай нь өнөөдөр энэ асуудлыг хэлэлцсэнгүй. Засгийн газрын гишүүнийг УИХ-д танилцуулснаар томилогдсонд тооцдог” гэдэг хариулт өглөө.
Б.Баасандорж: УИХ-ын хэлэлцэх асуудлын тов, дарааллыг даргын дэргэдэх зөвлөл хэлэлцэн шийддэг
УИХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж “Монгол Улсын Ерөнхий сайд Үндсэн хуулийн 39-ийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2025 оны аравдугаар сарын 1-ний өдөр УИХ-д саналаа ирүүлсэн. Үндсэн хуулийн 39-ийн 4 дэх хэсэгт Ерөнхий сайдын бүрэн эрхийг заасан байдаг. Гэхдээ бүрэн эрхээ эдлэхийн тулд эхлээд үүргээ биелүүлэх ёстой. Өөрөө хэлбэл Монгол Улсын Ерөнхийлөг болон УИХ-д танилцуулах үүрэгтэй. Энэ үүргээ хэрэгжүүлж байж эрхээ эдэлнэ. Энэ эрхийнхээ дагуу Ерөнхий сайд УИХ-д бичиг ирүүлсэн.
Ерөнхий сайдын ирүүлсэн асуудлыг УИХ хуулийн дагуу хэлэлцэнэ. Гэхдээ өнөөдрийн чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын дунд тэр асуудал байхгүй.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 13.3 дахь хэсэгт УИХ-ын хэлэлцэх асуудлын тов, дарааллыг даргын дэргэдэх зөвлөл хэлэлцэн шийднэ гэж заасан байдаг.
Энэ долоо хоногт хэлэлцэх асуудлын дарааллыг өнгөрсөн Баасан гарагт гаргасан. Одоогоор хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт ороогүй байна” гэв.