Булган аймгийн Баян-Агт сумын нутагт орших Хануйн голын хөвөөн дэх рашаанд очиж хэд хоног амарлаа. Хүмүүст хэрэг болох болов уу гээд энэхүү рашааны тухай үзэж ажигласан зүйлээ бичиглэв. Хануй рашаан Улаанбаатараас 550 гаруй, Баян Агт сумын төвөөс найман км зайтай байдаг юм байна. Булган аймгийн төвөөс Хөвсгөл явах замаар давхиад Уран тогоо уул хэмээх жижиг модон самбар бий. Андашгүй айраг цагаан идээ зарж байгаа Түлүүгийн даваа дөнгөж уруудаад самбар дээр очно. Яг тэндээсээ шороон зам салж байгаа. Үзэсгэлэнт Уран Тогоо ч сүмбэрлэн харагдаж буй.
Рашаанчдад зориулан хуучин 2 дугуй давхарлан улаан цагаан өнгөөр будсан төмөр шонгууд замын дагуу зоосон байх аж. Түүнийгээ дагаад баруун тийш 60 гаруй километр шороон замаар давхиад байвал Хануй голын рашаан дээр төвөггүйхэн очно. Хануй голын гүүрээр гараад хавцал дундуур яваад цаад дэнж дээр нь очихоор амрагчдад зориулсан байшин болон гэрүүд байна. Хамгийн хямдхан нь 25,000. Тэгээд түүнээс дээш янз бүрийн үнэтэй байдаг юм байна. Рашаанд орох хамгийн тохиромжтой үе нь долдугаар сарын 1-нээс наймдугаар сарын 25 хүртэл гэлцэнэ.
Хануй голын хүрмэн чулуун дунд 100 гаруй төрлийн рашаан байдгаас зарим нь ширгэж үгүй болжээ. Тэнд элэг, зүрх, бөөр, уушиг, ходоод, цөс, сав, хамар, чих, хоолой, нүд, шүд, толгой, амны хөндий, хэл, тархи, мэдрэл, дотрын рашаанууд, үе мөч, арьс өнгө, харшлын рашаан, шавар элбэг. Замдаа нэг хонож очсон бид өдөр нь рашаан руугаа явлаа. Өнөөх сүрлэг хавцал дунд рашаан нь байх аж.
Биднийг очихоос 2 хоногийн өмнө үер болж сүйд болох дөхсөн юм байх. Сураг сонсвол могой алсанаас болж үер буусан гэх. Тэр тухай хүн болгон л ам амандаа шуугиж, Лусын амьтан хороосон нөхрийг шүүмжлэв. Үнэн ч бай, худал ч бай харахаас аймаар могойг ямар товарищ алдаг байнаа. Хамгийн урд захын Ээж модноос – Харшлын шавар хүртэл ойролцоогоор 2 км арай хүрэхгүй. Алхана гэдгийг үзүүлж өгнө шүү дээ. Хамгийн эхлээд Ээж модондоо очиж мөргөн, ээжийн тухай дуу дуулна.
Дуу дуулахаар уг модны холтосны завсараас ус шүүрдэг юм байна. Бүгдээрээ тойрч зогсож байгаад Ээжийн тухай дуу авч өглөө.
“Алган дээрээ бөмбөрүүлсэн
Айлын хооронд үүрсэн
Азай буурал ээжийнхээ
Ачийг яаж хариулана даа”.
Ээжийн тухай дууг энэ мод хичнээн удаа сонссон бол гэх маягийн юм надад бодогдов. Орчин тойрныг харвал харин хаа очиж цэвэрхэн байх юм. Нэг хадаг, ганц хоёр 100 төгрөг л харагдлаа. Гурван удаа Ээж модондоо ая бариад эхнийхээ рашаан дээр очив. Эхнийх нь толгойн рашаан байх аж. 5-ийн усны саваар толгой руугаа ус хийлгэхээр боллоо.
Толгой руугаа ус хийлгэнэ гэдэг жинхэнэ “Алаан” байхгүй юу….
Энд тэндгүй “аллаа”, “Больё оо”, “бууж өгье өө”, “аятайхан хийгээч” гэх мэтээр бөөн дуу шуу.
Ээж модонд дуулчаад толгой дээрээ ус хийлгэж байгаа нөхдийг хэсэг ажиглав. “Энэ халуунд толгой дээрээ ус хийлгэхэд юун сүртэй орилж баашилдаг юм, тийм л хүйтэн юм байх даа” гэх ухааны юм бодоод зогсож байтал хамт явж байсан залуу маань дуудаад “Ус хийлгэ л” гэж байна. Баатарлаг амьтан явж очоод ус хийлгэхээр болов оо. Эхлээд гайгүй л байсан. Хэсэг хийлгэсэн чинь толгой хага ташаад явчив. “Юу вэ? Ээжээ мама”. Би чинь бас л гайгүй гүргэр нөхөр дөө. “Ёоо, байж бай” гэсэн, “Юун сүртэй юм” гээд дахиад хийлээ шүү. Тэсдэггүй …..толгой заадсаараа яг салах нь ээ …. Арай гэж өндийгөөд харсан, нөгөө 5 литрийн усны саван дахь ус талдаа ч ороогүй байдаг байгаа. “Энүүгээр 3 хийдэг юмаа, Зүгээр ээ” гээд нөгөөх чинь ахиад хийсэн. Арай л гэж дууссан. Анх очоод толгой дээрээ ус хийлгэж байгаа хүмүүсийг “Бааштайг нь гайхаж байсан үеэ бодохоор хүрэл зүрх ч хайлам.” Арай гэж хийлгээд, амхийн сандал дээр хэсэг суусан чинь орчлон нэг хэсэгтээ л дайвалзаад ч байх шиг, өнгөлөг харагдаад ч байх шиг. Уг нь нэг хийлгэчихвэл тархи толгой сэргээд сайхан юм байна лээ. Нэг удаа хийлгэчихээд өнөө залуугийнхаа толгой дээр ус хийж “Өшөөгөө авсан шүү”. Манай хүн 4 жил энэ рашаанд явж байгаа ч бас л “Ёо” гэж байсан. Гурван удаа нийт 15 литр ус хийлгэх нь дөнгөж л эхлэл байсан гээд бод.
Ус хийлгэж аваад хойшоогоо явлаа. Хэд алхаад Гоо сайхны шавар байх аж. Юун Негр цаашаа. Хар шавар түрхсэн эмэгтэйчүүд тэрүүгээр нэг. Мань мэтэд тэр ч онц сонирхолтой юм биш байв. Дахиад цаашлахаар Цагаан тун, Ногоон тун хэмээх хоёр рашаан буй. Энэ хоёр рашааныг хүртэхээр рашааны зохицолыг тэнцвэржүүлдэг юм байх. Нэг, нэг аяга явуулж л орхилоо. Цааш нь Хамрын рашаанаас хутгаж аваад, хамар руугаа сорж угаав. Ахиад цаашилтал нэг хүн рашаан дотор өвдөглөөд сууж байна. Үе мөчний рашаан юм болов уу гэсэн онош өөртөө тогтоов. Ямар нэгэн бичигтэй самбар л тэр хавьд байсангүй ээ. Тэгээд Зүрхний рашаанаас амслаа. Зүрхний рашаан хүртэхдээ хойд зүгт байх Зүрх хэлбэртэй уул харж хүртвэл сайн гэж нутгийн улс хэлэлцдэг гэнэм. Зүрхний рашааны яг хажууд Хуян гэсэн бичигтэй чулуу, нуруугаа үрдэг нэг том саглагар мод байх юм.
Рашаануудаас гадна бас тухайн эрхтэнд зохицсон хэлбэртэй чулуунууд байх нь гайхалтай, жишээ нь Энерги гэсэн бичигтэй том хад чулуу. Тэрэн дээр суух бас учир жанцантай. Чигчий хуруугаараа нээнэ гэж хоёр талд нь байх хөөрхөн жижиг хонхорхойд хуруугаа хийнэ. Тэгээд Хаан суудалд заларч Энергиэ аваад эргэж тойрч эрхий хуруугаа хийн түгжинэ. Өвдөгөө үрдэг, тавхайгаа үрдэг том хад чулуу, цөсний талаараа хараад хэвтчихдэг чулуу, нуруугаараа хэвтээд үрдэг чулуу хүртэл байх юм.
Нуруугаараа хэвтдэг чулуу нь их аятайхан эдээ. Хоёр хүн хөл гараас нь татвал нааш, цааш татагдаад, хэвтээд л баймаар юмсанж. Элэг, цөс, нойр булчирхай, уушиг гэж рашаан хүртсээр яваад Мэдрэлийн рашаан дээр ирлээ.
Энд Хоёрын даваагаа давна даа.
Мэдрэлийн рашаан, Хоолойн /Ангина/ шавар хоёр зэргэлдээ оршино. Энэ хавьд багахан хэмжээний наадам болж байгаа юм болов уу гэмээр олон хүн цугларчээ. Манайхан ч өмнө нь явж байсан туршлагатай юм болохоор Хоолойн шавар луу улавч, шаахайгаа тайлаад л явж орчив. Би ч дуурайгаад гутлаа тайлаад орлоо. Таван минутаар 3 удаа орно хэмээн самбар дээр нь бичжээ. Ёо, юу руу орчвоо, мэдэхгүй. Хөлийн ул, шагай янгинаад эхэллээ шүү. Хажууд зогсож байгаа хоёр бацкоон тоох ч үгүй, усан дотор тоглоомон машинаараа тоглоод наасан. Шаварнаас нь гараараа аваад машиныхаа ачаан дээр ачиж, мачаад.. Овоо муу хоёр гар. “Хоолойн шаварт хөлөө дүрээд буцсан хүүхэд хоолой нь өвдөхгүй, ханиад хүрэхгүй” гэж өмнө нь олон хүнээс сонссон болохоор хэсэг тэвчлээ. хөлийн ул мэдээ алдаад л…… Удсангүй өөр хүүхэдтэй, хүүхэдгүй хүмүүс цувраад л ирлээ. Зарим хүүхэд тоох ч үгүй байхад, зарим нь хоолойны чадлаар чарласаар байгаад гарсандаа хөөрхий. Хүүхдээ энэ рашаанд хөлийг дүрүүлэх гэж эцэг эхчүүд жинхэнэ авьяасаа гаргаж байналээ. Зарим нь шууд чарлуулаад дүрүүлчих юм, зарим нь Тобот, Пороро утсаараа үзүүлээд, гоё юм авч өгнө, дэлгүүр ойрхон байгаа гээд. “Авъяаслаг Монголчууд” цаашаа зүгээр. Хоолойн шавраасаа гараад Мэдрэлийн рашаанд орж байгаа хүмүүсийг очиж харав. Зарим нь хөлөө дүрээд, зарим нь суугаад, зарим нь тухтай аргагүй хэвтээд. Манай нөгөө залуу өөрөө орчихсон “Орооч” гэж байна. Хэсэг тэрүүгээр тойрч явлаа. Энэ сайхан рашаанд орох гэж ирсэн юм чинь орооч гэж дотроос хатгаад, хүйтэн болов уу? ямар бол гэж хэсэгтээ л эргэлдэв. Хэвтдэг хэсэгт нь хүмүүс дугаарлачихсан гурван минутаар цаг хараад л ээлжилж хэвтээд байсан. Нэг хэсэг зүрх алдаж, тойрч явж байгаад орлоо. Хоолойн шаварнаас ч хүйтэн рашаанд нүдээ аниад ороод хэвтчихсэн. “За, цаг харлаа шүү, 3 минут” гээд бөөн хүмүүс хоёр талаас, дээрээс хараад л, “Гайгүй байгаа биз дээ”, “Тэснэ шүү”, “Чи чаднаа” жихшиг. Бөөн балиашигууд. Яаа хөл янгинаад, сүвээний хоёр талаар хүйт оргиод, хоёр бөөр бараг хөлдсөн байхаа.
“За тэсээрэй. Амараа” гээд намайгаа балиашиглаад. Нөгөөх нь үхэх гэж байж ядаж мангар нэрэлхүү, хэсэгтээ л гүрийв. Хоёр талд бөөн хүмүүс хараад зогсож байгаа юм чинь. Нэг минут хагас л болсон байх. Тэсдэггүй ээ. “За боллоо, Гарлаа” гээд рашаанаасаа гараад явсан. “Ямар байна, Гайгүй байгаа биз дээ” гэхээр нь “Жоохон дасаж байж байгаад дахиж орноо” ч гэх шиг. Тэр өдөртөө л дахиж ороогүй, бултсаншд. Харин маргааш, нөгөөдөр овоо дасаад өдөрт гурван удаа орсон шүү. Гурван удаа 3 минутад ороход сайхан рашаан байналээ. Мэдрэлийн бүхий л эд, эс сэргээдэг, үе мөч нь өвддөг хүмүүс орвол их сайн гэж байсан. Тэр хэсгээр хуушуур, бууз зарсан хүмүүс зөндөө. Хуушуур, бууз авбал цай үнэгүй гэж байгаа. Хоол зарж байгаа хүмүүс дотор нэг хүн олны анхаарал их татав. “Буузаа аваарай, Буузаа аваарай” гэж хүнгэсэн хоолойгоор ойрхон хэлсэнээ “Хуушаараа аваарай” гээд огцом хэлнэ. Бөмбөрцөгийн тайлбарлагч болгочихмоор сайхан хоолойтой хүдэр эр байх аж. “Хуушуур нь ямар амттай юм” гэж хуушуур авсан хүнээс асуусан чинь “Мэдэхгүй ээ, хоолой нь гоё сонсогдоод авчихлаа” гэж үү. За тэр идэж уух ч яахав. Энэ хоёр рашааны дээхнэ Чихний рашаан байсан. Гэхдээ ширгэсэн юм уу яасан юм, гарахгүй байсан. Бусад рашаан шигээ урсахгүй, том чулуун дотроос гардаг рашаан. Цаашлаад үе мөчний устай, замагтай, шавар байсан шүү. Энэ шавартай ус бусад рашаанаа бодвол бүлээн, Хөгшчүүлд л их таатай эд бололтой, шавар тавьж хэвтсэн хүмүүс тэрүүгээр нэг. Эндээс доошлохоор нэг хэсэгтээ рашаан байхгүй ээ. Нэг хэсэг л алхана. Уг нь урсаж буй рашаан ч юм уу, булаг ч юм уу, бичиггүй, самбаргүй горхи нилээн хэд байсан. Бодвол Рашаан буй за.
Алхаж явсаар Бөөрний рашаан дээр ирлээ. “Бөөр” самбартай рашаан хоёр байна. Баруун болон Зүүн бөөрний рашаан нь тусдаа байх юм. Хажууханд нь Түрүү булчирхай, Сав, Нүд, Шүдний рашаанууд байсан. Нүд, Шүд, Хоолой зайлдаг, Хамрын дөрвөн рашааныг жижигхэн ундааны саванд хийгээд очиж өглөө, оройдоо зайлаад, нүдэндээ дусаавал зүйтэй мэт. Түрүү булчирхай, Сав, бөөрний рашааны хажууд байгаа чулууг үрээд хэрэгтэй газраа тавьж харагдсан шүү. Эдгээр рашааны хажууд Чихрийн шижингийн /Сахарын/ рашаан байсан. Даанч нөгөө гайтай үерээс болоод шавранд дарагдаад таг. Рашаан гардаг чулууны шаврыг нь хэсэг ухсан, маргааш нь жоохон тунарчихсан байна лээ. Сүүлд хэсэг хүмүүс ирээд ухаад байсан, биднийг яван явтал гараагүйдээ. Оргилох болтугай Рашаан минь. Цаашаа хэсэг алхаад Толгойны рашаан байна. Энэ рашаан харин уудаг рашаан нь аж. Тэгээд Даралт, Ходоод, Хоолой зайлах, Арьс өнгө, Экзим зэрэг рашаанууд Харшилын шавар байна лээ. Бүүр цаашилвал Мөнхийн усны рашаан байдаг ч гэсэн. Мөнх насалмаар санагдаад хайгаад үзсэн олдоогүйшд. хэхэ. Ингээд рашаанууд дуусав. Уг нь 100 гаран байсан юм гэнэлээ. Одоо нэг сайн судалгаа хийвэл яадаг юм бол???
Нээрээ зардал асуугаад байсан уу?
Амрагчдад зориулсан амралтын газрын гэр, байшин нь хамгийн хямд нь 25,000. Сая наадмаар 60 мянга хүртэл өссөн гэсэн шүү. За 4-5 ортой байшинг 30 мянгаар бодвол 7 хоног нь 210 000. Хүмүүс 1 байшин аваад хашаан дотор нь майхнаа бариад яаж ийгээд болгоод л байсан. Зарим хүмүүс тэнд шууд майхан бариад буудалсан байналээ. Хоёр талдаа нийлээд 1200 км гэж тооцоорой. Таны машинаас хамаараад шатахуунаа тооцох хэрэгтэй. Өөрсдөө хоолоо хийх үү, хоолны газар захиалах уу таны дур.
Хануйн рашаанаас баруун тийш 8 км газарт Шарга нуур гэж сайхан нуур руу удалгүй явлаа. Энэхүү нууранд рашаан усаа ууж дуусгаад орсноор эмчилгээгээ баталгаажуулдаг юм байх.
Шарга нуур нь байгалийн тусгай хамгаалалттай газар юм байна. Шарга нууранд хар хорхой байдаг бөгөөд хүний өвчтэй хэсгийг яг олоод л хатгадаг юм байх. Дотор нь ороод хэсэг явсан хатгасан юм уу бүү мэд??? Хатгалаа шүү гэж лав хэлэхгүй байх.
Нэг баярлууштай зүйл анзаарагдсан нь манайхан хог хаяж Оркдох нь бага болсон байналээ. Гэхдээ л рашааны тэр хавьд мэр сэр хог харагдаж л байсан. Хүслийн хад гэж нэг хад байсан. тэнд хүслээ шивнэчихээд, хажууд нь тамхи татаад ишээ шидчих хүмүүс таарав. Яаж ч Хүсэл нь бүтдэг юм байгаан. Базарваань. Хүслийн хадандаа мөнгө хийгээд маргааш аваад түрийвчиндээ хийвэл баяждаг гэсэн шүү. хэхэ. Тэр ч арай юу юм. Манай зарим нөхөд мөнгө хийгээд тэмдэг тавиад маргааш нь авах гэсэн байхгүй байсаншд. Хэн ч авсан юм, Хад л лав аваагүй байлтай.
Шүүмжлэх зүйлс хэд хэд харагдсан нь өнөөх Монголчуудын сэтгэлгээ. Баруун бөөрний рашаан дээр нэгэн бяцхан охин хөлөө угаагаад сууж байсан. Хажууд нь өвөө, эмээ нь сууж байв. “Энэ бөөрний рашаан, миний дүү босоорой” гэсэн өнөөх маань босдоггүй ээ. Эмээ, өвөө хоёр нь өмөөрөөд, “Бөөрний рашаан тэр байна” гээд зүүн бөөрний рашаан зааж байх юм. “Хүн хоёр бөөртэй биз дээ. Настай хүн байж учир ойлгохгүй. да да да да да ” гэсээр өнөөх хүүхдийг болиулсан шүү.
Мөн нөгөөх алдарт Толгой дээр ус хийдэг рашааныхаа дэргэд Шампунь авчираад бөөн бөөнөөрөө толгойгоо угаах юм.
Хануйн рашааны түүх мөн л дундад зуунаас эхтэй бөгөөд Өндөр гэгээн Занабазар гадна дотны маарамба нартай хамт голын адаг орчим дахь баруун эргээс ундрах жижиг горхинуудыг шинжлэн улмаар шашны эмнэлэг хүртэл байгуулж байсан гэнэ шүү. Рашаан усыг хэрхэн хүртэх тухай орчин үеийн анагаах ухааны болон уламжлалт хэд хэдэн үндсэн зарчим байдаг гэнэ. Гүүглээс хайж оллоо. Үүнд рашааныг 7-14 хоногийн турш өдрийн гурваар ууна. Уух үед архи сүү харш тул хар цай уудаг, айраг үл хэрэглэнэ. Рашааныг мөнгөн аяганд хийж уух маш сайн. Зэс, төмөр, ялангуяа хуванцар аяга найрлагыг өөрчилдөг учир муу. Мод, шил шаазан бол зүгээр. Рашаан байнга хэрэглэж байгаагүй бол олдсон дээр нь ихээр уух дэмий. Ганц аягыг маш аажуухан ууж “Оточ манал минь арьс махны завсраар шингэж рашаан болох болтугай” гэхчилэн сайн ерөөл шившдэг юм байна. За ингээд Булган хангай нутагтаа орших Хануй голынхоо рашаанд саатан морилж, арвин их энерги аван, рашаан булгийн усаар нь биеэ эмчлүүлээрэй.
/2019 оны 7 сар/
Ч.Амартүвшин
2 comments
Saijan setgegdel terj bna syy, ta yamarch baisan ene rasaan ysnii tyhaid n’as ahisan hymyyst heregtei medeelel sonrholtoi bichlee’bas hymyys rasaan ysaan cheber arunaar hereglej jansaasai bilee
Хүмүүст тустай сайхан тэмдэглэл бичсэнд баярлалаа. Булганы Хануйн рашаан яаж очих, хэдэн км бол энэ тэр гээд Булганы аяллын гэсэн мэдээллээс хайгаад олоогүй зүйлээ тэмдэглэлээс түвэггүй оллоо. Баярлалаа!