Бэлтгэсэн шавь нь ЭЕШ-д 800 оноо авсан багш нарыг 1,000,000 төгрөгөөр шагнажээ

Сонгинохайрхан дүүрэгт “Чадварлаг багш, шавь-2025” арга хэмжээ өнөөдөр (2025.10.01) болов.
Монгол улсад орчин цагийн боловсролын байгууллага үүсэж хөгжсөний 104 жил, Дэлхийн багш нарын 31, Монголын багш нарын 59 дэх өдрийг тохиолдуулан дүүргийн ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багш нарын “Чадварлаг багш, шавь-2025” баярын арга хэмжээг дүүргийн Засаг даргын Тамгын газар, Боловсролын хэлтэс хамтран зохион байгууллаа.
Баярын арга хэмжээнд сургууль, цэцэрлэгийн 700 гаруй багш, ЭЕШ-д 800 оноо авсан сурагчид оролцож шилдгүүдээ шалгаруулав. Тодруулбал Сонгинохайрхан дүүрэг ЭЕШ-д 800 оноо авсан хүүхдүүдийг урамшуулж алдаршуулдаг уламжлалтай. Энэ дагуу ЭЕШ-д 800 оноо авч амжилт үзүүлсэн хүүхдүүдийг шагнаснаас гадна шилдэг сургууль, цэцэрлэгийг шалгаруулж шилдэг багш нарт төрийн дээд одон медаль, боловсролын тэргүүний ажилтан болон бусад шагналыг гардуулжээ.
Ташрамд мэдээлэхэд, Сонгинохайрхан дүүрэг сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 2025-2026 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын 1 сургууль, 4 цэцэрлэг, 1 цэцэрлэгийн өргөтгөл, 2 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулсан байна.
Эх сурвалж: СХД-ийн ЗДТГ