Энэ онд багтаж 11 сургууль, цэцэрлэг ашиглалтад орно

Боловсролын салбарт 2025 онд 1.8 тэрбум гаруй төгрөгийн төсөвт өртөгтэй 328 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байна. Өнөөдрийн байдлаар сургууль, цэцэрлэгийн дундаж гүйцэтгэл 65 хувьтай бөгөөд 2025 оны наймдугаар сарын байдлаар 170.7 тэрбум төгрөгийн санхүүжилт олгогджээ. 2025 онд нийт 72 төслийг бүрэн дуусгаж ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөсөн. Дурдвал, 10830 хүүхдийн суудалтай ерөнхий боловсролын 25 сургуулийн барилга, 3345 хүүхдийн хүчин чадалтай 24 цэцэрлэгийн барилга, 1680 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг, сургуулийн 6 цогцолборын барилга, 1525 хүүхдийн хүчин чадалтай 12 дотуур байрын барилгыг 2025 онд хүлээлгэн өгөхийг мэдэгдэж байсан.
Харин нийслэлийн зарим дүүрэгт сургууль цэцэрлэгийн барилгын ажил 84-95 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Энэ талаар нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшингээс тодруулахад “2025 онд Улаанбаатар хотод гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр 43 сургууль, 67 цэцэрлэг, 22 бага сургууль, долоон спорт заал буюу нийт 139 боловсролын байгууллагын төсөл хэрэгжиж байна. Өнөөдрийн байдлаар ашиглалтад орсон 21 барилга байгаа. Тухайлбал, таван сургууль, 10 цэцэрлэг, зургаан бага сургууль болон цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад хүлээлгэн өгсөн.
Үлдсэн хугацаанд ашиглалтад орох барилга байгууламж нийт 21 байгаа бөгөөд долоон сургууль, найман цэцэрлэг, таван бага сургууль, нэг спорт заал байгаа.
Эдгээрээс хоёр сургууль, хоёр цэцэрлэг, нэг бага сургуулийг улсын комиссын хүлээн авалт хийгдэж, акт баталгаажих шатандаа явагдаж байна” гэлээ. Мөн 2025 оны аравдугаар сард долоон сургууль, цэцэрлэг ашиглалтад орохоор төлөвлөгджээ. Энэ 2025 онд багтааж нийт шинээр ашиглалтад орох 12 барилга байгууламж байгаа аж. Дурдвал,
Аравдугаар сард: Нэг сургууль, нэг цэцэрлэг
Арваннэг дүгээр сард: Хоёр цэцэрлэг, нэг бага сургууль
Арванхоёр дугаар сард: Хоёр сургууль, хоёр цэцэрлэг, хоёр бага сургууль, нэг спорт цогцолбор ашиглалтад орох аж.
Харин 2026 он руу шилжин орох магадлалтай сургууль, цэцэрлэг дөрвөн барилга байгаа талаар холбогдох албанаас мэдээлж байсан.